| |
Видео
Шинэ мэдээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр боллоо.
"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 330 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
Сангийн сайд Б.Жавхлан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар танилцууллаа.
03 дугаар сарын 23-ны байдлаар Ажлын байрыг дэмжих зээл, Төв банкны репо санхүүжилтийн болон ипотекийн зээлээр нийт 330.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Мөн Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төслийн санхүүжилтэд 66 тэрбум төгрөгийн гүйцэтгэл гарсан байна.
Ажлын байрыг дэмжих зээлийн хувьд гэрээ байгуулснаас хойш ажлын 11 хоногийн хугацаанд банкууд 25.9 мянган зээлдэгчийн 3.8 их наяд төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Энэ нь бизнесийн зээл судалж, шийдвэрлэхэд дунджаар 30 хоног зарцуулдаг жишигтэй харьцуулахад зээлийг богино хугацаанд олгож байна гэсэн үг юм.
Банкуудын олгосон ажлын байрыг дэмжих зээлийн хэмжээ 03 дугаар сарын 17-ны байдлаар 6.1 тэрбум төгрөг байсан бол 03 дугаар сарын 22-ны мэдээгээр 41.8 тэрбум болж нэмэгджээ.
Урт хугацаат репо санхүүжилтийн зээлийн хувьд нийт 391.5 тэрбум төгрөгийн хүсэлт ирүүлснээс 166.9 тэрбум төгрөгийн зээлийг 1,283 иргэн, аж ахуйн нэгжид олгосон байна.
03 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 361.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүсэлт ирснээс 1,603 иргэнд 121.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Сангийн яам зээл олгохтой холбоотойгоор "Олон нийтийн хяналтын зөвлөл’’ ажиллуулна. Зээлийн мэдээллийг долоо хоног тутам олон нийтэд хүргэж, оролцогч талуудын уялдааг сайжруулан, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх юм.
Товч мэдээ
- Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай болон дээрх хуулиудын төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- Улсын хэмжээнд 233 орчим мянган иргэнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Зургаан эмнэлгийг 1,440 ороор өргөтгөж, Уламжлалт анагаах ухааны зургаан эмнэлгийн 400, есөн тусгаарлах байранд 620 орыг нөөцөд авчээ. Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар 11 зочид буудалд 932 ор бэлтгэж, Дотоод хэргийн их сургуулийн оюутны дотуур байранд 300, Батлан хамгаалах их сургуулийн сонсогчдын байранд 200, Яармаг дахь спортын ордонд 400, Бөхийн өргөөнд 100 ор дэлгэхээр бэлдэж байна.
- "Эрүүл мэндийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр-Дэд хөтөлбөр-1”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжив. Азийн хөгжлийн банкнаас 15 жилийн хугацаатай 100 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Үүнийг цар тахлын эдийн засаг, төсөв, эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зарцуулах юм.
- "Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. Хэлэлцээр байгуулснаар оюутан солилцоог баталгаажуулах, ялангуяа анагаах ухааны чиглэлээр монгол оюутнуудыг бусад оронд сургах, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг сэргээх, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх зэрэг боломж бүрдэнэ. Арменийн анагаах ухааны их сургуулийн диплом нь Европын орнуудад хүлээн зөвшөөрөгддөг байна.
- Орчин цагийн боловсрол, шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой 10 дугаар сард болно. Ойн хүрээнд Олон улсын боловсролын сайд нарын чуулга уулзалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар болов. Уулзалтаар цахим шилжилт, шинэ зууны иргэн бэлтгэх багш, тэгш хамран сургалт, насан туршийн боловсрол, боловсрол дахь түншлэл зэрэг асуудлыг хэлэлцэж, гэрээ, хэлэлцээр байгуулах юм. Уулзалтад 30 гаруй орны сайд оролцох төлөвтэй байна.