|
Видео

Шинэ мэдээ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Чимгээтэй ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн уулзлаа

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Б.Чимгээтэй ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн уулзлаа

 

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан 20 жилийн ял авсан Б.Чимгээтэй ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн уулзлаа.  Үүний дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

"Шүүн таслан ажиллагаанд хууль зөрчсөн асуудал байгаа. Засгийн газартай шууд хамааралтай ТЕГ, ЦЕГ-тай холбоотой асуудал юм. Нууцтай холбоотой асуудал байгаа учраас бүгдийг ярих боломжгүй байгаа. Гэхдээ Б.Чимгээ өнөөдрийн байдлаар 5 жил 6 сар 7 хоног хоригдож байна. Бид энэ эмэгтэйд хүчээр хэрэг хүлээлгэсэн байвал яах вэ гэдэг асуудал бий. Хорих ангид байгаа хүн Б.Чимгээ рүү мессэж илгээн дарамталсан тохиолдол гарсныг өмнө нь УИХ-аар яригдсан. Мөн хашаанд нь хүний цогцос аваачиж булсан асуудал гарсан. Хуулийн нэр бүхий хүмүүс мансууруулах бодис уух зүйлд нь хийсэн. Нүцгэн зургийг нь авч гэр бүлийн хүнд нь явуулсан асуудал байсан. Энэ бүхнийг ил болгох нь зүйтэй гэж Б.Чимгээ хэлж байна. Тиймээс Засгийн газраар хэлэлцэж энэ асуудлыг нууцаас гаргах асуудлыг хэлэлцэнэ. Төв аймагт хорьсон байр стандарт бус газар байсан. Ял эдэлж буй хүнийг Б.Чимгээ рүү оруулж дарамталсан асуудал гарсан. Б.Чимгээ өөрөө хүсэлт тавьсан. Ял шийтгүүлж байх үед нь охин нь авто машины ослоор амиа алдсан. Эл хэргийг сэргээн шалгуулж өгөхийг хүсч өргөдөл гаргаж надад өгсөн. Дахиад хэлэхэд, шүүхийн гэм буруугүйн асуудлыг гүйцэтгэх засаглал ярих ямар ч боломжгүй. Энэ хэрэг удаан хугацаанд тодорхой байдал байж байна.  Б.Чимгээ хэвлэлийнхэнтэй уулзаж болно. Энэ нь хууль зөрчихгүй гэсэн. Гэхдээ биеийн байдал муу байгаа учраас удаан хугацаагаар уулзаж болохгүйг ойлгоорой. Сүүлийн үед Баасанцогт гэсэн хүн гарч ирсэн. Хэргүүдийг Баасанцогт өөрийн компьютертээ хойшлуулахаар төлөвлөдөг байсан хэрэг илэрсэн. Маргааш Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд энэ асуудлыг ярина. Хэрвээ Баасанцогт шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс оролцсон нь тогтоогдвол том асуудал болж хувирна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүх энэ асуудалд оролцсон байж болзошгүй асуудал бий. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хилсээр ял эдэлсэн байж болзошгүй, эрүүдэн шүүлгүүлж ял хүлээсэн байж болзошгүй Б.Чимгээтэй уулзлаа. Өнөөдөр ардчилсан Монгол Улсад хилсээр ял эдлээд 5,6 жил болоод явж байгаа бол ноцтой асуудал. Зөвхөн мэдэгдэж байгаа нь энэ байж болно. Энэ мэтээр олон хэрэг шүүгддэг байж болзошгүй” гэв.  

Мөн "Ариг” банктай холбоотой асуудалд нөлөө бүхий албан тушаалтнууд оролцсон байж болзошгүй хэрэг байна гэдгийг хэллээ. "Чимгээ, Содномдаржаа нарын хэргийг удаашруулах төлөвлөгөө гаргасан нь тогтоогдоод байгаа. Тийм учраас гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд асуудалд анхаарч ажиллана. Цаашдаа УИХ-д нээлттэй болон хаалттай горимоор асуудлыг хэлэлцэх асуудалд Засгийн газар нэгдсэн. Тодорхой бичлэгийг үзүүлэхийг Б.Чимгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс тодорхой бичлэгийг нууцаас гаргаж олон нийтэд үзүүлэх болно” гэсэн юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.