| |
Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорихоор болов
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат шүүхийн байгууллагад суллагдах хүсэлтээ гаргажээ. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /02.26/ 12:00 цагт түүнийг суллах эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаан болов. Шүүхээс шүүгдэгч Ж.Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр 43 дугаартай тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Түвшинжаргал нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Иймд шүүхээс өмгөөлөгч Д.Батсүх, Б.Баясгалан, Г.Оюунцэцэг нараас гаргасан шүүгдэгч Жаргалтулгын Эрдэнэбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Уг захирамжийг эс зөвшөөрвөл тус шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байна.