|
Видео

Шинэ мэдээ

Ч.ОДОНЧИМЭГ: МАНАЙ МЯГМАР “БОДЛОГОГҮЙ” РОМАНТИК ХҮН ШҮҮ ДЭЭ

Ч.ОДОНЧИМЭГ: МАНАЙ МЯГМАР “БОДЛОГОГҮЙ” РОМАНТИК ХҮН ШҮҮ ДЭЭАмжилтай яваа эрийн ард сайн хань бий. "Боролдой” студийн захирал, "Блэк бокс” театрын ерөнхий найруулагч С.Мягмарын арыг дааж, бас ажлыг нь нугалалцдаг хүн бол түүний гэргий, театр судлаач Ч.Одончимэг. Түүнтэй уулзахаар "Боролдой” студид байрлах гэр урланд нь очиход тэрбээр ӨМӨЗО руу явах бэлтгэлээ базаагаад тун завгүй байв. С.Мягмар гуай сар гаруйн хугацаатай тийш явсан учир ханийнхаа хойноос очих гэж байгаа нь энэ гэнэ. Ч.Одончимэг "Мийгааг Москвад сурдаг байхад биенээсээ удаан хугацаагаар хол байснаас өөрөөр ийм олон хоног царайгаа харалцахгүй байсан нь бараг үгүй. Орой бүр 10 мянган төгрөгөөр утсаар ярьчих юм. Харин саяхан мэдрэгчтэй утастай болж, хүүхдүүдээрээ wechat гэх программ суулгуулснаас хойш Мийгаатайгаа интернэтээр холбогдож ярилцдаг боллоо” гэв. Хол зай хос зүрхийг улам бүр ойртуулдаг аж.

-С.Мягмар ахтай хэрхэн танилцсан бэ?

-Би Москвад театр урлагийн дээд сургуулийн төгсөх ангид байхдаа өөр хотод сурдаг найзтайгаа очиж уулзсан юм. Тэгээд буцах замдаа галт тэргэнд суудалгүй тэвдэж явтал ашгүй, ДБЭТ-т хамт ажиллаж байсан, дуучин Ц.Ерөө эгч тааралдаж, намайг өрөөнд өө урьсан. Тэнд Мягмар сууж байсан юм. Залуу техникчдийн ордонд багшилдаг байгаад Москвад залуучуудын шинжлэх ухаан, техникийн бүтээлүүдийн үзэсгэлэнд оролцохоор явж байсан юм билээ.

-Айл гэр болсон түүхээ хуваалцахгүй юу?

-Анхны харцаар дурладагт итгэдэг. Юм гэдэг их сонин шүү дээ. Бид танилцаад удалгүй, хэдхэн сарын дараа л гэрлэсэн. Манай аав, ээж бидэнд хоёр өрөө байраа өгөөд өөрсдөө өөр байшинд орсон юм. Анх хувцасны шүүгээ, ор, хивснээс өөр эд хогшилгүй айл байгаад жирэмсний амралтын мөнгөөрөө хөргөгч авсан. Хурим хийнэ гэж сүйд бололгүй, зочдоо гэртээ урьсан. Бидний хуримын үеэр Ж.Чулуун ах "Травиата” дуурийн "Хундаганы дуу” тоглож өгч билээ. Урлагийнхны амардаг мягмар гариг бүр зураач Энхжин, Мөнхжин эхнэрүүдтэйгээ, найруулагч Доржсамбуу гэргий Цолмонтойгоо, "Топ Мебель”-ийн захирал Төрөө Д.Эрдэнэчимэгтэйгээ манайд ирж, тоглож наадна. Манайх хуучин байр болохоор жоом, бясаа, жаран хөлт, хулгана гээд есөн шидийн шавьж, амьтантай. Ямар сайндаа найзууд ирэхээрээ "Танайх амьтны хүрээлэн байгуулж байгаа юм уу” гэж цаашлуулж байх вэ дээ. Гэхдээ манайх гэдэг айл үеийнхэн дундаа тохилог байлаа. Тэр үед мянган төгрөгийн үнэтэй ор байсан юм. Мийгаа "Тийм үнэтэй орон дээр яаж унтах вэ дээ” гээд л ор, ширээ сандлаа өөрөө урлана. Зураач болохоор их өвөрмөц загвараар хийдэг. Би ч гэсэн аяга, тавагны суурь, ширээний бүтээлэг нэхэж, нөхөр хүүхдүүддээ хувцас оёно. Тэдэндээ барагтай бол дэлгүүрийн хувцас өмсгөдөггүй байлаа.

-Энэ олон жил ханилахад Мягмар гуай залуу үеийнхээсээ зан төлөвийн хувьд хэр өөрчлөгдсөн бэ?

-Бидний 38 жилийн хамтын амьдралд янз бүрийн л зовлон, бэрхшээл тохиолдсон. Төрийн толгойд байгаа нам солигдох бүрт манай амьдрал өөрчлөгдөнө. Мийгаа хүүхэлдэйн киноны студи байгуулна гээд л МҮОНТ-ийн хашаанд байсан уурын зуухыг сар шахам цэвэрлээд нүүрс үнэртсэн хар юм орой гэртээ ирдэг байлаа. Дөрөв, дөрвөн жилээр нам солигдож, доргиход хүүхэлдэйн киноныхоо студийг хураалгаж, баар байгуулж, байртай байргүй болж, юу эсийг үзэх вэ. Ийм олон бэрхшээл тохиолдоход Мийгаа дандаа эцсийг нь үзэх гэж улам хичээж, тэгэх бүртээ амьдралаа өмнөхөөсөө илүү сайжруулж байсан.

-Та хоёр нэгнээсээ хол хэр удаан хугацааг өнгөрүүлж байсан бэ?

-Гэрлээд удаагүй байхдаа Мийгаа Москва руу Кино урлагийн дээд сургуульд сурахаар явсан юм. Би тоглоод "Чамайг таван жил хүлээж чадахгүй. Амьдралаа бодоцгооё” гэсэн чинь дөнгөж оччихоод "Би дөрөвдүгээр дамжаанд орчихлоо” гэдэг байгаа. "Чи санаа зовоод хэрэггүй. Би чамайг хүлээнэ. За л гэсэн бол ёогүй” гэж хэлээд байхад нээрэн л дөрөвдүгээр дамжаанд орчихсон байж билээ. Тэр хол сурдаг байсан хэрнээ ойр ойрхон ирнэ. Ямар сайндаа хүмүүс "Танай нөхөр Орост сурч байгаа гэсэн хэрнээ их дэлгүүр орж амжаагүй байхад л ирчихсэн явж байх юм” гэдэгсэн.

-Мягмар гуай хэр романтик хүн бэ?

-Заримдаа бүр "амьдралгүй” романтик шүү дээ. Тухайлбал, Мягмарыг Орост сурч байхад зураач Энхжин тэвэр дүүрэн цэцэг барьсаар ирсэн. Учрыг асуутал "Мөнхжин Москва яваад ирсэн. Мийгаа энэ цэцэгсийг хөлдөөлгүй, гэмтээлг үй чамд хүргэж өгөх үүрэг даалгавар өгсөн юм” гэж байна. Монголд байдаггүй гоё цэцэгс хаа холын Москвагаас Энхжин, Мөнхжингийн гар дамжиж надад ирж байлаа. Тэр үед Мийгаа оюутан учир манай амьдрал хэцүү. Би хэчнээн цэцгэнд дуртай баярлаж байсан ч үүний оронд хүүхдүүддээ өвлийн гутал явуулчихгүй дээ гэж бодсон. Мийгаа минь их романтик бол би амьдралд илүү бодитой ханддаг. Нэг жишээ дурдъя. Намайг Хүүхэлдэйн театрт утга зохиолын ажилтан хийж байхад Мягмар, Нямгаваа хоёр нийлж олон сайхан жүжиг тавьсан. Тэр үед хүмүүс жүжгийн тасалбар авах гэж үүрээр оочирлодог байлаа шүү дээ. Тэд уран бүтээлч сэтгэлгээтэй болохоор жүжгээ гоё тавих гээд хэтрүүлээд сэтгэчихнэ. Театрын орлогч дарга "За өнөө хоёр тэнгэрт хөөрчихсөн ярьж байна шүү. Чи орж нэг газардуулна байгаа” гэдэгсэн.

-Та ХБК-ийн хийлийн анги төгссөн гэсэн үү?

-Тийм ээ. Намайг суралцаж байхад урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Шараа, "Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёнд тоглодог З.Доржсүрэн тэргүүтэй тоотой хэдхэн хүнээс бусад мэргэжлийн багш нар нь дандаа орос байлаа. Цэдэнбал Филатова гуайг одоо хүмүүс муу хэлдэг ч үнэхээр зоригтой, хүүхдүүдийн төлөө их юм хийсэн мундаг эмэгтэй байсан. ХБК дээр цагаан хөвөн барьж орж ирээд цонхны тавцан арчаад "Тоос шороо хүүхдүүдийн эрүүл мэндэд муу юм биш үү” гээд л зэмлэнэ. Авьяастай, онц сурлагатнуудаас гадна удам дамжсан хүүхдүүдийг "Чи Сэвжидийн хүү юү, Жамъян хуурчийн хүү юү тэгвэл яв” гээд л гадаадад сургасан нь оновчтой бодлого байсан. Тэр үед олон зуун хүүхэд Орост сайн сургуульд явсны ачаар одоогийн театр, сургуулиудын боловсон хүчин, багш нарыг бэлтгэсэн.

-Хийлч хэрнээ яагаад театр судлаач болсон бэ?

-ХБК-ийн хийлийн анги төгсөөд ДБЭТ-т ажиллаж байгаад Свердловск руу сургуульд явсан. Тэгтэл тэнд миний мэргэжлийн анги байгаагүй учир Элчин сайдын яаманд хандахад Театр урлагийн дээд сургуулийн судлаачийн ангид оруулсан. Тэнд сурч байхдаа өөрөөсөө их ичсэн шүү. Уг нь би ХБК-д суралцаж, олон жил хөгжмийн түүхтэй танилцсан хүн. Тэгтэл Оросын арван жилийн жирийн дунд сургууль төгссөн хүүхдүүдийн хөгжмийн боловсрол минийхээс илүү байсан. Одоо бодох нь ээ, манай дунд сургуулиудад зургийн хичээл гэж гэр, машин сав зуруулаад байдаг. Уг нь алдартай уран зургуудыг яагаад сонгодог гэгддэг шалтгааныг тайлбарлаж, барокко гэж ийм урсгал байдаг гэх зэргээр урлагийн мэдлэгтэй болговол ирээдүйн театрын үзэгчид бэлдэх давуу талтай. Би Хүүхэд залуучуудын театр, Улсын драмын эрдмийн театрт Лхасүрэн, Мөнхдорж, Нямгаваа, Найдандорж гээд Монголын том найруулагчидтай ажиллаж байлаа. Эхнэр хүн нөхөртөө тусалж, хийж бүтээж байгааг нь дэмжих ёстой гэж бодоод ажлаасаа гарсан даа. Эмэгтэй хүн нөхрийнхөө ах дүү, хамаатнуудыг нь ойртуулж, хадам ээж, ааваа асарч хамгаалах гээд хувийн болон албаны олон ажлыг нь амжуулах ёстой. Эрэгтэй хүмүүс их бүдүүн баараг шүү дээ. Тухайлбал, би жирэмсний хордлогод ороод гэрээсээ гарч чадахгүй байхад Мягмарыг талханд явуулсан юм. Тэгтэл олон дахин дэлгүүр орохгүй амар гээд 10 талх барьчихсан орж ирсэн.

-Төрийн шагналт, хөгжмийн зохиолч, удирдаач Ж.Чулуун, Монголын анхны балетчдийн нэг, гавьяат жүжигчин Ж.Алимаахүү нар танай аавын дүү бол урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач Ч.Жамсранжав таны төрсөн ах юм билээ. Урлагийн сор болсон хүмүүсийг төрүүлсэн эмээ, өвөөгийнхөө тухай ярина уу?

-Миний аав Чойсүрэн эхээс зургуулаа. Манай өвөө хэлмэрч Жамъян гэж нутагтаа алдартай, орос, хятад, төвд хэлтэй хүн байсан. 1920-иод оны дундуур Ховдод анхны гэр театр гэгчийг өвөө минь байгуулж байсан гэдэг. Нутаг усныхаа ардыг цуглуулаад Алимаахүү эгч дуулж, аягатай бүжиг хийж, аав хуучир, Чулуун ах ёочин тоглодог байсан гэсэн. Хожим Ховдын театрыг Чулуун ахын нэрэмжит болгосон. Уг нь өвөөгийн нэрэмжит байх ёстой гэж аав минь ярьдаг.

-Ж.Чулуун гуайн тухай дурсамжаасаа хуваалцана уу?

-Намайг цэцэрлэгт байхад Хөрөнгийн биржийн ард талын байранд Ж.Чулуун ахынд ээж, аавтайгаа амьдардаг байлаа. Тэр үед миний ах Орост суралцаж байсан юм. Удалгүй аав Төв аймаг руу ажиллахаар нүүж, би ХБК-д элссэн болохоор Чулуун ахынд үлдсэн. Дараа нь манайх 50 мянгатад нүүж ирээд Чулуун ахынх яагаад ч билээ байргүй болж манайд хэсэг амьдарсан. Энэ мэтээр нэг нэгнийдээ амьдарч байсан болохоор их ойр дотно өссөн. Намайг урлагт хайртай болоход Чулуун ах их нөлөөлсөн дөө. ДБЭТ-т хоёр ахтайгаа хамт ажиллаж байсан ч ах, дүү гэж сүйд болохгүй. Гэхдээ Чулуун ах өрөөндөө дуудаад "За ажлын цаг дуустал хөгжмөө давтаарай” гэчихээд хоёр хуушуур оруулж өгөөд цоожлоод явчихдаг байсан. Хожим ахын минь сонсгол нь муудаж, байнга айн, айн гэх хэцүү юм, хүнтэй ярихаар дургүй хүрээд байна гэдэг болсон. Тэгсэн хэрнээ найрал хөгжмөө удирдахаараа хэн ямар өнгө алдаж байгааг андахгүй.

-Танай театрын хашаанд зун төрөл бүрийн цэцэг алаглаж харагддаг. Хэзээнээс цэцэг тарьж эхэлсэн бэ?

-Намайг багад хөрш айлын орос эмээ хачин гоё цэцэгнүүд тарьдаг байсан. Цэлийсэн том цонхнууд нь цэцгээр бүрхэгдсэн учир цэцгийн дэлгүүр шиг харагддаг байлаа. Би өглөө хичээлдээ явж, орой ирэхдээ эмээгийн цэцэгсийг харсаар байгаад дуртай болсон. Одоо хээр ургадаг цэцэгсийг хашаандаа идээшүүлэхээр зорьж байгаа. Надаас хойш эднийг хүүхдүүд арчлахгүй ч байж мэдэх учир хээрийн цэцэг таривал өөрөө ургачихна. Манай хашаанд яргуй, гүйлс, буйлс, жамъянмядаг, далий ягаанаас эхлээд төрөл бүрийн цэцэг, жимсний мод бий. Манай энэ хавийнхан ширүүн шүү дээ. Өвөл болохоор гацуур моддыг дээрээс нь тайрч, хичээлийн шинэ жил дөхөхөөр гадаа ургаж байгаа цэцэгсээс таслаад авчихна. Гэхдээ хамгийн сайхан нь манай цэцэрлэгт хүрээлэнд хэд хэдэн зочид ирдэг. Зун болохоор цэцгэн дээр эрвээхэй алаглаад, зөгий шавчихна. Хөөрхөн шар алаг болон ардаа титэм шиг залаатай шувууд намар ирж мойл түүж идчихээд явдаг юм.

Б.ДӨЛГӨӨН INET mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler