| |
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлэв
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров нар 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр утсаар ярив. С.В.Лавров сайд Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдсонд нь Б.Батцэцэг сайдад баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариу талархал илэрхийлж, Монгол, Оросын найрсаг харилцаа, бүх салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө С.В.Лавров сайд, ОХУ-ын ГХЯ-тай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд нар Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу амжилттай хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглээд, цаашид хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бүс нутаг, олон талт механизмуудын хүрээнд хөгжүүлж буй харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, шинэ агуулгаар баяжуулахад илүү уялдаатай, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг 2021 оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон чиглэлээр өргөн хүрээнд тэмдэглэхийн ач холбогдлыг Гадаад харилцааны сайд нар өндрөөр үнэлж, энэхүү түүхт ойг тэмдэглэх үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг онцлон тэмдэглэв.
ГХЯ