| |
Зах, худалдааны төвүүдийн халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангуулахыг үүрэг болголоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хэлбэрээр өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулж, холбогдох албаныхантай санал солилцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн худалдааны төв, захуудад үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгжид коронавирусийн халдвараас сайтар урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах, нийтийн тээврийн болон такси үйлчилгээний халдвар хамгааллын дэглэм, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх, автобусны эцсийн буудлуудад ариутгал хийж хэрэгжилтэд хяналт тавих, жолоочид иргэдээс бэлэн мөнгө авч үйлчилж байгаа эсэхийг хянах, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээний ажлыг зохион байгуулж, хог тээвэрлэлтийг эрчимжүүлж ажиллах үүргийг өглөө. Мөн нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагууд хөрөнгө орлогын мэдүүлгийг энэ долоо хоногт багтааж дуусгахыг үүрэг болгов.