![]() |
Нүхтийн ам зэрэг эрчим хүч хэт ачаалах магадлалтай найман байршлыг нэрлэлээ
Эрчим хүчний яамнаас Улаанбаатар хотын хэмжээнд хэт ачаалах магадлалтай шугам, трансформаторыг нэрлэлээ. Эдгээрт Нүхтийн ам, зуслан чиглэл зэрэг найман байршил оржээ. Тодруулбал,
- Зуслан чиглэлд (Чингэлтэй дүүргийн 19-р хороо)
- Хадат (Сүхбаатар дүүргийн 19, 20-р хороо)
- Нүхтийн ам (Хан-Уул дүүргийн 4-р хороо)
- Өлзийт (Хан-Уул дүүргийн 14-р хороо)
- Ар гүнт (Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо)
- Хуучин 22 товчоо (Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо)
- Хужирбулан (Баянзүрх дүүргийн 28-р хороо)
- Цайз, Газарчин сургууль орчим (Баянзүрх дүүргийн 22, 24-р хороо) тус тус эрчим хүч хэт ачаалах төлөвтэй байгаа аж.
Улсын хэмжээнд эрчим хүчний хэрэглээ өчигдөр 17:00 цагийн байдлаар 1147 мвт байна. Үүний 811 мвт-ыг Улаанбаатар хотынхон хэрэглэж байгаагаас 310 мвт-ыг гэр хорооллын иргэд хэрэглэж байна гэв. Энэ нь гэр хорооллын эрчим хүчний ачаалал өмнөх оны мөн үеэс 14 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Өчигдрийн байдлаар цахилгааны хэрэглээ зуслан чиглэл 51 хувь, Нисэх яармаг 15, Баянхошуу 15 хувийн өсөлттэй байна.
Оргил ачааллын үед ОХУ-аас 165 Мвт эрчим хүч авсан нь өмнөх оны мөн үеэс 13 хувиар илүү байна.
12-р сарын 13-ны өдрийг хүртэл эрчим хүчний хэрэглээ өмнөх үетэй ойролцоо байсан бол цахилгаан дулаан, уурын хэрэглээг төрөөс хариуцах шийдвэр гарсан оройноос эхлэн огцом өсөлт үзүүлсэн байна. Гэхдээ хэрэглээний огцом өсөлтийг амжилттай давсан. Оргил ачааллын бууралт өдөр ирэх тусам буурч байна гэдгийг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны байдлаар өнгөрсөн сар буюу арваннэгдүгээр сарын цахилгааны төлбөр төлөлт 38, дулааных 58 хувьтай байгааг Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал мэдээллээ.
Засгийн газрын шийдвэрээр 2020 оны арванхоёрдугаар сараас ирэх оны долдугаар сар хүртэл цахилгаан, дулааны төлбөрийг төр хариуцахаар болсон. Иргэдэд ирж буй төлбөрийн мэдээлэл тухайн сарын өмнөх буюу энэ удаад арваннэгдүгээр сарынх атал иргэд ташаа ойлгосноос үүдэн төлбөр төлөлт бага хувьтай байна гэдгийг тэрбээр хэллээ.
Эрчим хүч хэмнэлтийн газрын дарга Ц.Атаржаргал "Одоо иргэдэд очсон төлбөрийн мэдээлэл нь 11-р сарын хэрэглээний төлбөр. Өмнөх сарын төлбөр нь дараа сарын 20-ны дотор мессежээр гар утсанд очдог. Өнгөрсөн сарын төлбөр цуглуулалт цахилгааны эрчим хүчнийх 38 хувьтай байна. 62 хувь нь төлбөрөө хийгээгүй байгаа нь эрчим хүчний салбарт хүндрэл үзүүлдэг. Станц, дамжуулах түгээх системд очоогүйгээс болоод санхүүгийн циклийн хоцрогдол гарах хандлага байдаг. Тиймээс энэ сардаа багтаж 11-р сарын төлбөрийг төлөх шаардлагатай байна” гэлээ.
Мөн Засгийн газрын тогтоолыг дагалдан гарсан журмын дагуу иргэдийн өмнөх оны мөн үеийнхтэй тэнцэх төлбөрийг төрөөс хариуцаж, үлдэгдлийг нь төлөхөөр болсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн 12-р сарын төлөх болон төрөөс даах төлбөрийн хэмжээг энэ сардаа багтаан мессежээр хүргэхээр ажиллаж байгаа юм байна.
![](/templates/kingnews/images/logo.png)