| |
Видео
Шинэ мэдээ
NBA-ийн плей-оффын гурван тоглолтыг хойшлуулжээ
НЬЮ-ЙОРК. /TASS/. Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын эхний тойргийн гурван тоглолтыг хойшлуулахаар шийдсэн гэж тус холбооны хэвлэлийн албан мэдээлжээ.
Үүнээс өмнө "Милуоки" багийн тоглогчид плей-оффын эхний тойрогт "Орландо"-гийн эсрэг хийх тав дахь тоглолтыг бойкотолсон байна. Тэд Висконсин муж улсад цагдаа нар өнгөт арьст залууг буудсаныг эсэргүүцжээ.
"Милуоки"-"Орландо"-гийн тоглолтоос гадна "Хьюстон"-"Оклахома" болон "Лос-Анжелес Лейкерс"-"Портленд" багуудын тоглолтыг хойшлуулахаар болсон байна. Эдгээр хоёр тоглолт наймдугаар сарын 27-нд болох хуваарьтай байв. НБА-гийн клубүүдийн тоглогчид плей-оффын тэмцээнүүдэд "Black Lives Matter” гэсэн бичиг бүхий өмсгөл өмсжээ. Энэ бичгийг мөн тоглолтын талбай дээр бичсэн байна.
НБА-гийн тоглогчид цаашид яахаа шийдэхийн тулд Орландо хотод уулзахаар болсон гэж "The Athletics” спортын цахим хуудсын сэтгүүлч Шэмс Чарания мэдээлжээ.
Наймдугаар сарын 23-нд Кеноша хотод цагдаа нар Жейкоб Блейк гэх өнгөт арьст эрэгтэйг буудсан байна. Блейк цагдаа нарт буудуулах үедээ зэвсэггүй байжээ. Тэрбээр одоогоор эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Түүний биед найман нүх гарсан бөгөөд нэг сум нугасыг нь онож гэмтээсэн байна. Эмч нарын хэлж байгаагаар Жейкоб ахин хоёр хөл дээрээ босож явж чадахгүй аж. Энэ хэргийн дараа Кеноша хотод арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцсэн жагсаал өрнөж эхэлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг