|
Видео

Шинэ мэдээ

Харьсан бөх, тарсан хамтлаг, салсан загвар өмсөгчийн орогнодог газар нь ТӨРИЙН АЛБА

Харьсан бөх, тарсан хамтлаг, салсан загвар өмсөгчийн орогнодог газар нь ТӨРИЙН АЛБА

 

Сингапурын эцэг гэгддэг  Ли Кван Ю улсаа хөгжүүлсэн бодлогоо "Бид төрдөө хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулдаг” гэж маш энгийнээр томьёолсон байдаг тухай интернэт орчноос хайгаад уншиж болно.   Тэр энгийн томъёолол нь  ядуу, ялаа шумуулдаа баригдсан тосгоныг өндөр хөгжсөн аж үйлдвэр, үйлчилгээний салбартай, 160 мянган тив дамжсан компанийн төв байрласан, дэлхийн санхүүгийн том төв болж чадсаны нууц байсныг ч мэдэж болно.  Харин манай улс ердөө 3 гаруйхан сая хүнтэй, 70 сая малтай, өргөн уудам газар нутагтай,  дэлхий нийтийн амыг ангайлгахаар хэмжээний асар их нөөцтэй олон орд уурхайтай улс яагаад өнөөдрийг хүртэл Азийн бар биш юм гэхэд бамбар ч болов болоогүйн учрыг нэг талаараа төрийн албатайгаа холбож тайлбарлаж болохоор.  

Тэд төрдөө хамгийн чадварлаг хүмүүсээ ажиллуулдаг улс яаж хөгжсөнийг хар. Харин манай улсын төр, төрийн алба гэдэг харьсан бөх, тарсан хамтлаг, таргалсан мисс, салсан загвар өмсөгч, тэтгэвэртээ гарах болсон өвгөн улстөрчдийн орогнодог газар болсон.  Намууд нэг ч болов суудал "зулгаах"-ын төлөө олонд танигдсан хүмүүсийг сонгуульд өрсөлдүүлж эхэлсэн.  Зодог тайлсан бөх, хоолой нь гарахаа больсон дуучид.  Хэдэн парламент дамжиж бөхчүүд Саарал ордонд сууж, суудал бөглөж байгаа билээ. Нэрлээд байх шаардлагагүй. Бүгд л мэднэ. Одоо энэ байдал өөрчлөгдөж, телевизээр нэвтрүүлэг хөтөлдөг нөхдүүдийг ч сонгуульд өрсөлдүүлж, нөгөөдүүлийг нь сонгогчид сонгочихдог болсон.  

Нэгэн цагт залуусыг байлдан дагуулж явсан хамтлагийн дуучид ээлж ээлжээрээ газрын дарга болоод, "тонгочиж" явсныг бид мартаагүй л байгаа. Зохиолын дуучид ч энд тэнд төрийн байгууллагын дарга, захирал хийгээд гүйлдээд байна.  Хэдхэн жилийн өмнө миссүүд дарга болоод л хэл, ам татлаад байсныг хүн бүр л санах байх. Төрийн өмчит үйлдвэр, компанийн дарга, удирдлагын суудал ердөө л шагналын баярын бичгийн л үнэтэй болчихсон. Хэн нэгэн том даргын ах, дүү, хамаатан садан, найз нөхөд, нэг фракцын хүн, эсвэл янаг амраг нь тэр "баярын бичиг"-ээр шагнуулдаг болсон. 

Одоо бүр сүүлдээ нэг загвар өмсөгч Шадар сайдад зөвлөх юм гэнэ.  Гэр улсаа ч төвхнүүлж чадаагүй, эхнэр хүүхдээ орхисон гэх хэл аманд орооцолдож яваа загвар өмсөгч төр төвхнүүлэх хэрэгт оролцож, зөв зөвлөгөө өгч чадах уу.  Ердөө л НАМЗХ-ны харьяалалд байдаг гэдгээрээ л зөвлөх болчихсон юм шиг харагдаад байна.  

Нэг зүйлийг хэлэхэд, төрд ажиллаж байгаа бөх ч, дуучин ч, мисс ч, загвар өмсөг ч бай, тэднийг хамгийн муу, боловсролгүй гэж хэлэх гэсэнгүй.  Тэд тодорхой хэмжээний боловсролтой, мэдлэгтэй, чадвартай нь мэдээж. Харин ганцхан үнэн зүйл байгаа нь тэднээс хэд дахин илүү чадвартай, боловсролтой, туршлагатай залуучууд, хүмүүс Монголоор дүүрэн байгаа.   Нэг үгээр хэлбэл, хамгийн чадварлаг хүмүүс нь төрд ажиллаж чадахгүй байна.  Зүгээр л хэн нэг даргатай фракц нэг бус байсныхаа төлөө. Харин тэдний оронд зүгээр л нэг загвар өмсөгч зөвлөж, нэг дуучин хамгийн чухал төрийн албанд ажиллахаар Монголын хөгжөөгүйн нууцын томъёолол болчихож байгаа хэрэг биш үү.  

http://www.zaluucom.mn/read/4h00hahb4


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.