| |
Түгжрэл айсуй
Нийслэлчүүд өнгөрсөн нэгдүгээр сараас эхлээд авто замын түгжрэлээс стресс мэдэрсэнгүй. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, сургууль, цэцэрлэгийг хааж, зарим байгууллагын үйл ажиллагааг хязгаарласнаар хэдэн сарын турш бид авто замын түгжрэл гэж асуудал ярьсангүй. Үргэлжлүүлээд амралт, аялал зугаалгын улирал эхэлж, хотын иргэд хөдөөг зорьсноор замын хөдөлгөөний ачаалал эрс буураад байна. Олон сар үргэлжилсэн энэ байдалд хотынхон ч дасаж, ийм л байсан, ийм л байх мэт санаж байж мэднэ.
Тэгвэл замын хөдөлгөөний ачаалалд голчлон нөлөөлдөг сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээж, хичээлийн шинэ жилийг эхлүүлэхэд нэг сарын ч хугацаа үлдээгүй байна. Үндсэндээ түгжрэлийн улирал эхлэхэд тун дөхлөө. Харин нийслэлчүүд түгжрэлд бэлэн үү. Хотын шийдвэр гаргагчид, албаныхны түгжрэлийг бууруулах ажил бэлэн үү.
Коронагийн хорионы золоор түгжрэлийн асуудлаас түрдээ ангижирч, амар жимэр сонгуульдсан. Одоо орон нутгийн сонгууль гээд шийдвэр гаргагчид түгжрэл манатай суугаа нь гарцаагүй. Тэд сонгууль дөхөхөөр түгжрэлийг түр бууруулах арга сүвэгчилж ч байж мэднэ.
Өнгөрсөн хугацаанд олонтаа ярьсан мөрөөдлийн төсөл хөтөлбөрүүд хэзээ хэрэгжих нь тодорхойгүй байна. Хэзээ биеллээ олох нь тодорхойгүй агаар тэнгэрийн төслүүдээс өөр санаачилсан зүйл хотынхонд одоогоор алга. Тодруулбал, "Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийг 2020-2023 онд БНФУ-ын Засгийн Газрын 60.7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр хоёр чиглэлээр хэрэгжүүлнэ гэж буй. Тодруулбал, Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлгийг холбосон дүүжин зам 4.9 км урт, гурван зогсоолтой шугам болон Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойргийн авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 5.4 км бүхий гурван зогсоолтой дүүжин зам барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгааг албаныхан тайлбарлав. Ингэхдээ уг төслийг хэрэгжүүлэх "Ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг ч байгуулаад авлаа. Харин хэрхэн үр дүн гаргахыг мэдэхгүй, мэдэгдэхгүй. Түгжрэл бууруулахад олон хүн төвлөрсөн зах худалдааны төвүүдийг нүүлгэх шийдэл олон жилийн турш яригдаж байгаа ч бодит үр дүн нь бага байна. Замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, зүүн баруун эргэлтийг тэнцвэрийг хадгалах, хүргэлтийн автомашинуудыг цагийн хязгаартай зорчуулах зэргээр бага гэлтгүй ажил хийх нь хийсэн. Гэхдээ төдийлөн үр дүн мэдрэгдэхгүй байгаа нь цогц бодлого дутагдалтайг илтгэнэ. Үүнээс гадна жолооч, зорчигчдын замын хөдөлгөөнд оролцох хандлага ч түгжрэлд их нөлөөлдөг.
Түгжрэлийг бууруулахад иргэдийн оролцоо их бий
Хотын түгжрэл нь иргэдийн цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирол үзүүлдэг. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ.
Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хийн хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг нь хүний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэнэ. Цаг хугацаа, эрүүл мэнд, эдийн засгийн алдагдлаа бодож иргэд, жолоочид ч замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад хувь нэмэр оруулах нь зөв. Явган зорчигчид гарцаар гарч, жолооч нар хэдхэн секунд хүлээж, бие биедээ зам тавьж өгч сурах, нэгдүгээр эгнээнд автомашинаа орхихгүй байх, саатсан тохиолдолд замаа хурдан чөлөөлөх гээд хөдөлгөөнд соёлтой оролцох нь түгжрэлийг бууруулах том шийдлийн нэг билээ.