| |
А.Амбасэлмаа: Өчигдөр 22 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт 5.4 сая гаруй коронавирусийн халдвараар өвчилж, 346 мянга гаруй хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 88 мянган хүн шинээр өвчилж, улмаар 2000 гаруй хүн нас баржээ. Харин манай хойд хөрш болох ОХУ-д өчигдрийн байдлаар 8599 хүн шинээр халдвар авсан байна. Ялангуяа Эрхүү хотод 120 тохиолдол шинээр илэрсэн. Манай улсын хувьд орон нутгийн 15 галт тэргэнд 11 эмч ажиллан 5,639 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт таван хүн шинээр ажиглалтад орсон. Харин 255 хүн ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэнээр одоогийн байдлаар тусгаарлах байранд 1,141 хүн ажиглалтад байна. Үүнээс нь 111 хүн нь архаг хууч өвчтэй байна" гэсэн мэдээллийг өглөө.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Ням гарагт нас баралт Их Британи, Итали улсад хамгийн өндөр буюу 14 хувьтай байна. Номхон далайн баруун бүс өвчлөл хамгийн бага байна. Дотооддоо халдвар бүртгэгдээгүй улс Монгол байгаа юм. Манай улс өмнө нь гарч байсан халдварт өвчнийг туршлага дээр үндэслэн аюулгүй байдлыг бүрдүүлсэн. Хязгаарлалтыг хэт хурдан сулруулах нь халдвар дахих магадлалыг нэмэгдэж байгаа юм. Хөл хориог цуцалсан тохиолдлыг хянах, ажиглахыг цогцоор нь хийх хэрэгтэй байна.Манайд 2015-2016 онд улаан бурханы дэгдэлт гарсан. Тиймээс ДЭМБ-аас вакцинжуулалтыг товлосон хугацаанд хийхийг зөвлөж байна" гэв.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Сүүлийн 24 цагийн хугацаанд АНУ-д 26 мянган хүн шинээр халдвар авчээ. Мөн ОХУ-д 8599 шинэ тохиолдол бүртгэгджээ. Сингапур улсад 548 тохиолдол тус улсад бүртгэгдсэний 3 нь дотооддоо илэрчээ. БНСУ-д 16 шинэ тохиолдол илэрч 3 хүн нас баржээ. Шөнийн клубээс эхтэй халдварын тоо 225 болжээ. Японд 42 шинэ тохиолдол бүртгэгдсэний 14 нь нийслэл Токиод бүртгэгджээ. Энэ 7 хоногоос тус улсад зарим хотуудад онц байдал цуцалж магадгүй байна. БНХАУ-д шинэ тохиолдлын 10 нь ӨМӨЗО-оос зөөвөрлөгдөн иржээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр нийт 22 хүний шинжилгээг хийхэд коронавирус илрээгүй. Ачаа тээврийн жолооч нар, тандалтын хүмүүс хамрагдлаа. Мөн нэг хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Ингээд Монгол Улсад бүртгэгдсэн нийт 141 тохиолдлын 33 нь эмчлэгдэж, 108 хүний эмчилгээ үргэлжилж байна" гэлээ.