![]() |
Ядуурлын түвшнээр толгой цохидог тойргууд руу МАН хууччуулаа дахин илгээсэн нь даажигнал уу
- МАН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа шударга бус болсныг намын гишүүд нь илчлэв
- МАН-ын нэр дэвшигчдийг дэмжихгүйгээ орон нутгийнхан илэрхийлж эхлэв
Намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан эрхмүүд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх гээд завгүй байна. АН болон бусад нам эвсэл 76 тойрогт нэр дэвших хүмүүсээ олон нийтэд албан ёсоор зарласан бол эрх баригч МАН хамгийн сүүлд буюу өчигдөр ил болов. Нам, эвсэл, бие даагчдын нэр дэвшсэн байдлаас харвал Орхон аймаг, Хан-Уул дүүрэгт хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. АН-аас нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ нэр дэвшигч бөгөөд 40 хувь нь эдийн засагч, 30 хувь нь хуульч, 7.5 хувь нь инженер мэргэжилтэй бол "Зөв хүн электорат” эвсэл хуульч, эдийн засагч, инженерийг 30 хувьд нь дэвшүүлж, Шинжлэх ухааны салбарын 30 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ. Мөн "Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигчдийн 20 гаруй хувь нь хуульч, 15 хувь нь бизнес, эдийн засгийн мэргэжилтэй, үлдсэн нь бусад мэргэжлийн төлөөлөл байна. Харин эрх баригч МАН-аас нэр дэвшигчдийн дийлэнх нь УИХ, Засгийн газрын гишүүд байгаа юм. Тойрогт нэр дэвшүүлсэн байдлаас харвал АН тойрог бүртээ шинэ нэр дэвшигч "шингээсэн” бол МАН олон тойрогт хуучин гишүүдийг илгээжээ. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймагт УИХ-ын гишүүн, сайд, Засаг дарга нар нэр дэвшиж байгаа. Эдгээр аймаг өнгөрсөн жил ядуурлын түвшингээр толгой цохисон. Тэр дундаа дан УИХ-ын гишүүд нэр дэвшиж буй Говь-Алтай аймагт ядуурлын түвшин 45.1 хувь, Ховдод 40.9, Архангайд 38.2, Увс 29.6, Хөвсгөлд 25.3 хувьтай байна. Энэ нь тэргүүлэгч аймгаас хоёр дахин бага үзүүлэлт юм. Өмнө нь сонгогдож өнгөрсөн дөрвөн жилд нутаг орноо хөгжүүлж чадаагүй хүмүүс дахин нэр дэвшиж байгаа нь даажигнал уу. Харин "Шинэ эвсэл” УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Болд, Ж.Батзандан, Ш.Сайханбамбуу, Б.Жаргалсайхан нарыг, "Та бидний эвсэл” Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ц.Ганхуяг, Б.Батбаатар, Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн бол "Зөв хүн электорат” эвсэлд А.Ганбаатараас өөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн алга. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намууд 20 хүртэлх квотдоо эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж буй. Энэ сонгуулиар "Зөв хүн электорат” эвсэл 21, "Шинэ эвсэл” 18, "Та бидний эсвэл” 17 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол АН, МАН тус бүр 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Гэхдээ АН-ын эмэгтэйчүүдэд МАН-ынхаас ялгарах нэг онцлог бий. З.Нарантуяа, С.Одонтуяа, Ц.Одонтунгалаг, Г.Уянга, Р.Булгамаа, П.Батчимэг зэрэг "ухаад” ч муу мэдээлэлгүй нэр дэвшигчид АН-ыг чимж байгаа бол МАН-аас БСШУСЯ-ны төрийн нарийн асан Б.Баярсайхан, Ц.Цогзолмаа, Д.Өнөрболор, М.Оюунчимэг гээд хэл аманд өртөж явдаг эмэгтэйчүүд нэр дэвшиж байна. Саяхан гэхэд л Б.Баяр сайханыг Завхан аймагт нэр дэвших мэдээлэл гармагц нутгийнхан "Хутагтуудын нутагт хэл амтай, христийн шашинтныг дэмжихгүй” гэж сүсэг бишрэл, явдал суудлаар нь ялгаварлан гадуурхаад эхэлжээ. Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулж олон нийтэд зарласан ч эрх баригч нам албан ёсоор танилцуулахгүй удаж байгаа нь дотоод зөрчлөөс шалтгаалсан гэх мэдээлэл байна. МАН-аас нэр дэвшихээр горилж байсан зарим гишүүн ч нэр дэвшүүлэх ажиллагаа шударга бус явагдсан, хөгшчүүлээ дэмжсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тус намын Бага хурлын гишүүн, ХХААХҮЯ-ийн дэд сайд Ж.Сауле нийгмийн сүлжээнд "Х.Баделхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсныг биеэрээ үзлээ. Юун сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Өөр сайхан залуус дэвшсэн бол дуугүй л "Баярлалаа” гэх байсан. Тэд Х.Баделханы садан биш учраас дэмжигдсэнгүй” хэмээсэн нь нэгийг өгүүлнэ.
