| |
Австралид ойрын хавьтлыг тогтоох хавсралтыг сая гаруй хүн татжээ
КАНБЕРРА. /АBC/. Австралийн Засгийн газар коронавирусний халдвар авсан хүмүүстэй ойр хавьтсан эсэхийг тогтоодог хавсралт гаргаснаас хойш тавхан цагийн дотор нэг сая гаруй хүн уг хавсралтыг татжээ.
"COVIDSafe” нэртэй ухаалаг гар утасны хавсралтыг орон нутгийн цагаар ням гаргийн оройны 18 цагт гаргасан бөгөөд 22:30 минут гэхэд нэг сая хэрэглэгчтэй болсон байна. Уг хавсралтыг иргэд сайн дураараа татах юм.
"Хэрэглэгчдийн тоо нэг сая хүрэхэд наад зах нь таван өдөр зарцуулна хэмээн тооцоолж байсан. Даваа гаргийн 06 цагийн байдлаар уг хавсралтыг хэрэглэгчдийн тоо 1.13 саяд хүрсэн” гэж Эрүүл мэндийн сайд Грег Хант мэдээлжээ.
"COVIDSafe” хавсралт "Bluetooth” холболтын тусламжтайгаар бусад хэрэглэгчтэй ойр хавьтсан эсэхийг тогтоодог бөгөөд тэдний мэдээллийг бүртгэн хадгалдаг байна. Хэрэв хэрэглэгч халдвар авсан өөр нэгэн хэрэглэгчтэй 15 минутаас илүү хугацаанд харьцсан тохиолдолд мэдэгдэл ирүүлэх ажээ.
Засгийн газрын мэдээлснээр, энэхүү арга хэмжээг үр дүнд хүргэхийн тулд Австраличуудын 40 хувь буюу 10 сая иргэн гар утсандаа суулгах шаардлагатай ажээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр Австралид 6694 хүн халдвар авч, 80 хүн нас баржээ. Тус улсад сүүлийн хэдэн долоо хоногт халдварын тохиолдлын тоо буурч байгаа бөгөөд ням гарагт 16 шинэ тохиолдол бүртгэгджээ.