| |
Амралт, фитнес, сауныг нээхтэй холбогдуулан ажиллах түр журмын саналыг УОК-т танилцуулна
Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд иргэдийг олноор цугларч, эрсдэл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг ажиллуулах болон саун, фитнесийн үйл ажиллагааг ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, журам гаргаад шат дараатай нээх болсон талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлсэн.
Монгол Улсын Засгийн газраас ирүүлсэн чиглэлийн хүрээнд нийслэлийн Онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг хуралдаж, зарим амралтын газар, фитнес заал, сауны үйл ажиллагааг шат дараатайгаар нээх асуудлаар хэлэлцэж, санал солилцсон байна.
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан "COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж ажиллах. Засгийн газраас өгсөн чиглэлийн хүрээнд НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралт, фитнес, сауны үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжийн төсөлд тухайн аж ахуйн нэгжүүдэд тодорхой үүрэг хүлээлгэх тухай заалт, ажиллах орчин нөхцлийн талаарх түр журамд тусгах саналаа нэгтгэж өгөхийг сануулав. Мөн нэгтгэсэн саналыг НОК-ын нарийн бичгийн дарга Д.Оюунбат, НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар боловсруулж, маргааш /2020.04.16/ Улсын онцгой комиссын Шуурхай штабд танилцуулах”-ыг үүрэг болголоо.
Энэ дагуу НОК-ын шуурхай ажлын хэсгийн гишүүд дээрх байгууллагуудын үйл ажиллагааг нээхтэй холбогдуулан олон нийтэд учирч болох эрсдэлээс хэрхэн сэргийлэх түр журамд оруулах саналаа илэрхийлэн хэлэлцжээ.
Б.Аз