|
Видео

Шинэ мэдээ

ЦӨМИЙН ЭНЕРГИ ХАДНЫ МАНГАА ЮУ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ҮҮ?

ЦӨМИЙН ЭНЕРГИ ХАДНЫ МАНГАА ЮУ, ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР ҮҮ?Цөмийн энерги гэдэг хадны мангаа юу, хөгжлийн түлхүүр үү гэдэгт монголчууд бүх нийтээрээ ямар ч үнэн зөв, нэгдмэл ойлтголтгүй байна.

Манай хойд хөршийн Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт Энэтхэгт ажлын айлчлал хийхдээ тус улсад цөмийн эрчим хүчний 12 станц барих гэрээнд гарын үсэг зуржээ. Оросын "Росатом” байгууллага 20 жилийн дотор дээрх тооны станцыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Энэ бол цөмийн энергийн салбарт хөгжингүй орны хийж буй гэрээний сүүлчийн жишээ юм. Харин манай төрийн болоод иргэдийн бодлогод цөмийн эрчим хүчийг ашиглах,уран олборлох гэх мэтийг хадны мангаа буюу аймшигт үзэгдэл гэж харах ойлголт нэвт "үнэртдэг” юм.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал,Гадаад бодлоган үзэл баримтлал гэсэн тулгуур хоёр баримт бичигт цөмийн энергийн энхийн хэрэглээг хөгжүүлэх, өндөр технологийг хөгжүүлэх, цөмийн зэвсэггүй статусыг бэхжүүлэх заалтууд тусгасан байдаг. Иймээс ч цөмийн зэвсэггүй статусаараа, бусад орныг ийм байхыг уриалдаг гэдгээрээ манай улс гадаадад өөрсдийгөө сурталчилдаг. Харин бид Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого, түүнийг хэрэгжүүлэх хөтөлбөр, Цөмийн энергийн тухай хуультай. Үүгээрээ цөмийн энергийг зөвхөн энхийн замаар ашиглах бодлого гарган Цөмийн энергийн газрыг байгуулсан боловч шинээр эмхлэгдсэн Засгийн газар буцаан татан буулгахаар хэлэлцэж эхэллээ. Энэ нь нэг талаас цөмийн энерги хадны мангаа гэсэн ойлголт иргэдийн дунд байгаатай холбоотойгоор энэ салбар дахь төрийн бодлого ч тогтворгүй эргэж буцсан шинжтэй байна гэсэн үг.

Цөмийн энерги гэхээр л бидэнд Чернобиль, Японы Фүкүшима санагдаж айдас төрдөг, эсвэл уран хайгаад бүх газар нутгийг хордуулах юм шиг санадаг юм. Гэхдээ энэ салбар зөвхөн атомын дахилгаан станц биш хүн төрөлхтөнд хэрэгтэй маш олон технологийг хөгжлийн өөр шатанд хүргэдэг юм билээ. Дэлхий нийтээрээ өнөөдөр квант байтугай цөмийн доторх кваркийн талаар судлаж эхэлсэн гэнэ. Энгийнээр жишээ татахад анагаах ухааны салбарт бидний мэдэх туяаны аппаратууд бол цөмийн технологиор биеийн дотор талыг нэвт харж, оношлодог. Тэгвэл улам бүр нарийвчлан эд эсийн хамгийн бага хэмжээндэх зүйтогглыг судалж байна. Дэлхий нийтэд шинжлэх ухаан ийнхүү нарийсч байхад манайх цөмөөсөө айсан хэвээр. Олон дэвшилтэт зүйлээс хойш суусаар байгаа юм. Өөр нэг жишээ гэвэл Академич Хавтгайн Намсрай гуайн судалгааны бүтээлийг дэлхий үнэлж байсан учраас Ерөнхийлөгч Чингис хаан одонгоор саяхан шагнасан. Гэтэл түүний шагналыг УИХ, Засгийн газар Цөмийн энергийн газрыг татан буулгана хэмээн үгүйсгэх нь бид цөмийн энергийн салбарт ямар ч нэгдсэн бодлогогүй гэдэг нь харагдаж байна. "Үйл ажиллагаа нь дэлхийн төвшинд явагддаг ийм салбарын байгууллагыг байгууллагыг улам бүр задалж хөгжүүлэх байтал татан буулгаж байгаа нь шинжлэх ухааны судалгаа шинжилгээний салбар бидэнд хэрэггүй гэж байгаатай адил. Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орны хувьд Монгол Улс энэ төвшинл салбараа "буулгаж” байгааг олон улс юу гэж харах бол” хэмээн Цөмийн энергийн газрын ажилтнууд онцолж буй юм.

Цөмийн энергийн газрыг татан буулгаж, үйл ажиллагааг нь Ашигт малтматын газарт шилжүүллээ гээд уран олборлолт бүрмөсөн зогсч бүх зүйл сайхан болох юм шиг бодох нь эндүүрэл гэнэ. Цөмийн энергийн газрыг татан буулгах ёстой гэж хашгирч байсан ТББ- ын Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс ч одоо энэ газраа татан буулгавал маш хортой. Хяналт суларна, уранаас болж хордлоо гэдэг асуудал хөндөгдөж байхад асуудал эрхэлсэн газрыг татан буулгаж байгаа нь хяналтыг сулруулна гэж эсэргүүцэж буй юм. Цөмийн энергийн газар байгуулагдсанаар ураны талаарх үйл ажиллагаа жигдэрч, нөөцийн хэмжээ нэмэгдэн. дэлхийд уранаараа 12-т бичигдэх хэмжээнд хүрснээс биш. хайгуулын лииензийн тоог гурав дахин багасгасан гэнэ. Мөн ашиглалтын лиценз олгоогүй. Харин одоо хяналт нь МХЕГ-т шилжвэл дахин бүх зүйл замбараагүй болж магадгүй гэж салбарын хүмүүс нь анхааруулж байна.

Цөмийн энергиэр хүн төрөлхтөн хөгжлийнхөө олон асуудлыг шийдэж байхад муйхраар хохиролтой вэ гэдгш бодож үзээсэй хэмээн энэ салбарын эрдэмтэд шийдвэр гаргагчдад сануулж байна. Цөмий эрчим хүч хийгээд бусад технологиуд горим зөрчигдвөл аюултай гэдэг нь ойлгомжтой. Цацрагийн тунгийн стандартыг хангах, баталгаажилт хийхээс эхлээд төрөл бүрийн дээжүүдэд цацрагийн хэмжилт хийх зэрэг нь маш чанд хяналт дор байх ёстой. Цацраг гарт баригдаж, нүдэнд харагдахгүй учраас Монголд тохируулах, бусад зүйлтэй адилтгах арга байхгүй. Өдгөө дэлхийн бүх салбарт бидний айгаад буй шар нунтгаас өндөр хүчин чадалтай цацрагийн үүсгүүрийг ашиглаж байна. Манай Улсын клиникийн төв эмнэлэгт өнгөрсөн хавар нэвтрүүлж байсан цөмийн технологийг аваад үзэхэд л хавдрыг эсийн төвшинд оношлох хүчин чадалтай цацрагийн үүсгүүр юм. Түүн дээр ажиллах хүнийг бэлтгэх, багажны стандартыг хангуулах, зөв ажиллуулах, илүү цацрагийн тунг өвчтөнд өгөхгүй байх зэрэг бүх стандартыг хангуулснаар хэрэглээнд нэвтэрдэг байна.

Энэ мэтчилэн цөмийн энергийн салбар гэдэг зөвхөн уран олборлож атомын станц барих биш орчин цагийн хүн төрөлхтөнд нэн хэрэгтэй олон дэвшилтэт зүйлийг бий болгодог чухал салбар гэдгийг иргэдэд зөвөөр ойлгуулах хэрэгтэй байгаа аж. Харамсалтай нь татан буугдах гээд байгаа манай Цөмийн энергийн газар ч байгуулагдеашсасйй хойш энэ чиглэлийн танин мэдэхүйн ажлыг маш муу хийсэн байдаг юм. Ямар боловч энэхүү салбарын талаар Монгол төрийн, монголчуудын бодол ч айдас, түгшүүр хэвээр байна. Цөмийн энергийн газрыг татан буулгах асуудлыг байнгын хорооны анхны хэлэлцүүлгээр Ерөнхий сайд татаж авсан байдаг. Гэтэл шууд хоёрдугаар хэлэлцүүлгээр оруулж санал хурааснаа УИХ-ын гишүүд хэрхэн тайлбарлахыг ч энэ салбарын хүмүүс асууж байгаа юм. Ер нь бол цөмийн энерги гэдэг хадны мангаа юу, хөгжлийн түлхүүр үү гэдэгт монголчууд бүх нийтээрээ ямар ч үнэн зөв, нэгдмэл ойлголтгүй байна. Тэнд атомын станцыг хэдэн арваар нь барих хэлэлцээр хийгдэж байхад бид энд анхны мэдэгдэхүүн ч байхгүй аймшиг гэсэн ганцхан бодол тээсээр бусдын хөгжлөөс хол хоцорч буй юм биш биз.

Д.СОДОН

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 2014.12.15

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.