| |
Төв банкныхаа хараат бус байдалд халдаж байхаар төсвөө тодотго
Эдийн засгийн дархлааг унагахгүй байх хамгийн чухал хүчин зүйл бол төсвийн бодлогыг мөнгөний бодлогоор орлуулахгүй байх явдал. Өөрөөр хэлбэл, Төв банк Засгийн газрын мэдэлд орохгүй байх хараат бус бие даасан эрх зүйн зохицуулалт бүхий институц байх алтан зарчим юм. Энэ зарчим алдагдснаар эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдал алдагдаж, улмаар улсаараа дампууралд хүрсэн бодит жишээ дэлхийд цөөнгүй. Манай улс ч саяхныг хүртэл энэ жишээнд багтсан нь Монголбанк Засгийн газраас хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлснээс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл байв.
Харамсалтай нь төв банкууд болон засгийн газруудын хамгийн их жигших болсон энэ үйлдлийг монгол дахин давтах гэж байна уу гэлтэй үйл явдлууд ар араасаа хөвөрч эхэллээ. COVID-19-өөс үүдсэн эдийн засгийн хямралыг гэтэлгэхийн тулд олон улсын ЗГ, Төв банкууд "нарийн уялдаа холбоотой, нэг нэгнээ дэмжсэн шийдвэр” гаргаж байна. Гэтэл манай ЗГ 2 их наядын алдагдалтай "Сонгуулийн төсөв”-өө танахгүй гэж ард түмэндээ хэдэнтэй мэдэгдлээ. Тэгвэл тэд юу хийх гэж! Хямрал хаяанд ирсэн энэ үед Засгийн газар төсвөө тодотгохгүй байгаа нь буюу "эс үйлдэхүй” нь өөрөө "эдийн засгийн гэмт хэрэг” гэж хэлж болмоор үйлдэл.
Үндсэндээ цар тахлаас үүдсэн хүндрэл эхэлснээс хойш Монголбанк бодлогын хүүгээ нэг нэгж хувиар, банкуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 2 нэгж хувиар тус тус бууруулж, бодлогын хүүний коридороо өргөсгөх арга хэмжээг авлаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн идэвхжлийг дэмжих гэсэн орчин нөхцөлийг бүрдүүлээд өглөө. Харин хэт тэлсэн төсөв мөнгөний бодлогын хэрэгжилтийн орон зайд чөдөр тушаа болж байгаа учраас төсвөө тодотгох зайлшгүй шаардлагатай ч ямар ч алхам хийхийг хүсэхгүй, харин сонгуулийн тойрог хамгаалсан хандлагаар Монгол Улсын эдийн засагт хандаж байна. Төсвөө энэ чигээр нь авч үлдээд харин Төв банкны давуу байдалд дулдуйдах санаархалтай байна уу гэх хардлагыг төрүүлэх боллоо. Тухайлбал, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг дуудаж байгаад хэрэглээний зээлийн ангиллыг өөрчлөх замаар 3 сар зээлээ төлөхгүй байх журмын өөрчлөлт батлуулав. Энэ нь хүндрэлд орсон ААН-үүддээ биш гар утас, машин, бусад хэрэглээний зээл авсан иргэд буюу 6-р сард сонголтоо хийх "найзуудад” зориулсан шийдвэр байлаа.
Гэтэл ийм үед эдийн засгаа дэмжих арга хэмжээг олон улсад ЗГ-ууд нь төв банкуудаасаа дутахгүй хэрэгжүүлж байгаа жишээ дэлхий дүүрэн байна.
Тухайлбал энэ сарын дундуур АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ огцом бууруулж, 2008 оны хямралын үед авсан арга хэмжээтэй ижил дүнтэй буюу $700 тэрбум ам.долларын үнэт цаас худалдаж авах хөтөлбөр зарлаж, хэт зөөлөн бодлого хэрэгжүүлж эхэлснээ мэдэгдсэний дараа Сангийн сайд С.Мнучин Д.Трампын Засгийн газар эдийн засгаа дэмжихээр 1.2 их наяд ам.доллар гаргахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Үүнээс гадна Францын Ерөнхийлөгч Э.Макрон улс орноо "дайны байдал”-д байгааг анхааруулаад 300 гаруй тэрбум еврогийн зээлд Засгийн газрын баталгаа олгохоо мэдэгдсэн.
Мөн БНСУ-ын төв банк бодлогын хүүгээ 0.75 хувь буюу түүхэн доод хэмжээнд хүргэж бууруулсны дараа парламент нь 9.4 тэрбум ам.долларын төсвийн зарцуулалтыг баталлаа. Үүнийг цар тахлын нөлөөг бууруулах тусгай төсөв гэж нэрлэж байна.
Эдгээр нь зөвхөн сүүлийн хэд хоногт л хийгдэж буй алхмууд бөгөөд үүнээс өмнө ХБНГУ, Итали, Япон, Австралийн засгийн газрууд яаралтай арга хэмжээ авч эхэлснээ зарласан юм.
Цар тахлаас үүссэн нөхцөл байдал 2008 оныхоос хүнд хямрал руу хөтөлж байгаа бөгөөд төсвийн оновчтой бодлого үүнийг гэтэлгэх гол арга хэрэгсэл байна гэх санааг Европын төв банкны тэргүүн К.Лагард илэрхийлсэн билээ. Европын төв банк бодлогын хүүгээ бууруулаагүй ч мөнгөний хэт зөөлөн бодлогоо үргэлжлүүлэх буюу бонд худалдан авах хөтөлбөрийн санхүүжилтээ 120 тэрбум еврогоор нэмэгдүүлэхээр болоод байгаагаа зарлав.
Гэтэл Монгол Улсын Сангийн сайд "Төсөв тодотгохгүй” гэж 5, 6 дахь удаагаа давтан хэлсээр. Уг нь төсвийг тодотгож хагас их наядын эх үүсвэрийг хүндрэлд орсон ААН-үүдийг босгож ирэхэд зарцуулж болох саналыг хувийн хэвшил буюу МҮХАҮТ-аас гаргаад байгаа. Төсвийн хөрөнгө оруулалтыг шууд царцаах, танах нь эдийн засгийг борцлох сөрөг нөлөөтэй гэхийг хүлээн зөвшөөрч болох боловч сумын төвийн соёлын төв, багийн даргын барилга зэрэг тойргоо услах зориулалттай нь тодорхой санхүүжилтүүдийг өөрчилж, төсвийн зардалд бүтцийн өөрчлөлт хийх шаардлага тулгараад байна.
Үүгээр ч зогсохгүй ЗГ Төв банк ах дүүгийн биш харилцаанд ормоор байна. Хоймор нь ЗГ, хатавчинд нь төрийн мөнгөний бодлого барьдаг Төв банк нь суучихаад чиглэл биелүүлдэг баймааргүй байна. Та бүхэн дугуй ширээнд суугаад харилцан ярилцаж, нэг нэгнээ дэмжиж ажиллах цаг ирээд байна.
Б.Цэцэг