| |
Франц иргэнтэй нэг онгоцоор ирсэн ДЭМБ-ын ажилтнууд "Кемпински" зочид буудалд байрлажээ
Энэ сарын 2-нд Монгол Улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Тэрбээр өдгөө биеийн байдал хүндэвтэр ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүнтэй хамт нэг онгоцоор ирсэн иргэд нэгдүгээр зэргийн хавьтагчид гэж үзэж байгаа. Үүний дунд ДЭМБ-ын таван ажилтан байсан бөгөөд тэд хөдөө орон нутгаар сургалт зохион байгуулсан нь иргэдэд айдас дагуулсан байдаг.
Мөн тэд ирээд "Хаан палас" ХХК-ийн "Кемпински" зочид буудалд байрласан байна. Тиймээс өнөөдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тэдний байрлаж байсан таван өрөө, хонгил, лифт, зочин угтах болон хүлээлгийн хэсэг зэрэг нийт 320 метр квадрат талбайд "Халдваргүйжүүлэлт" ХХК-ийн эрүүл ахуйч нэг эмч, гурван ариутгагч эцсийн халдваргүйтгэлийг хийсэн байна.
Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс эцсийн халдваргүйтгэлийн явцад хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, халдваргүйжүүлэх уусмалаас дээж авч Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ.