| |
Д.Сарангэрэл: Францын иргэнтэй хамт зорчсон ДЭМБ-ын мэргэжилтнүүдийг ХӨСҮТ-д тусгаарласан
Коронавирусийн халдвар илрээд байгаа Францын иргэнтэй ДЭМБ-ын зөвлөхүүд нэг онгоцоор зорчсон. Улмаар ДЭМБ-ын зөвлөхүүд Монголд ирж, маш олон хүнтэй уулзаж, сургалт хийсэн. Тэр ч битгий хэл Төрийн ордонд орж, УИХ-ын даргатай уулзсан асуудал ч гарсан гэх мэдээлэл тарсан.
Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Францын иргэн Марсель хотод байхад тэнд өвчний тохиолдол гарсан юм билээ. Бид энэ хүнийг эдгээхийн төлөө хичээж, халдвар цаашид тарахаас бүхий л чадлаараа сэргийлж ажиллана. Францын иргэнийг яагаад оруулсан юм бэ. Оруулахгүй байж болоогүй юм уу гэсэн асуултыг иргэд, сэтгүүлчид их тавьж байна.
ДЭМБ-аас дэлхийн 5 оронд шинэ коронавирусийн халдвар голомтлон гарч байна гэж мэдээлсэн. Та бүхэн мэдэж байгаа, Хятад, Япон, Солонгос, Итали, Иран. Бусад оронд голомтлон гарч байгаа гэсэн мэдээлэл байхгүй. Тиймээс УОК-оос голомтлон гарч байгаа орноос ирж байгаа хүнийг шууд тусгаарлаж байсан. Мөн аль орноос ирж байгаагаас үл шалтгаалж эмнэлзүйн шинжтэй хүнийг тусгаарлаж байгаа. Харин энэ хүн гуравдугаар сарын 2-ны өдөр ирэхэд ямар нэг халуурсан, ханиалгасан эмнэлзүйн шинж байгаагүй.
ДЭМБ-ын зөвлөхүүдтэй холбоотой асуулт асууж байна. Тэр хүмүүс туршлага хуваалцаж, сургалт хийх зорилготой ирсэн. Тэр хүмүүс гуравдугаар сарын 2-ны өдөр Францын иргэнтэй нэг онгоцоор ирсэн нь үнэн. Өнөөдөр Германы экспертүүд шинжилгээ өгөөд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан байгаа.
Одоогоор нэгдүгээр хавьтагчдаас халуурсан хүн нэг ч байхгүй. ХӨСҮТ-д хандсан хүн одоогоор алга байна" хэмээлээ.