![]() |
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын засаг дарга Мөнх-Амгалан: Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлнэ
Дундговь аймгийн Говь-Угтаал сумын засаг дарга
Мөнх-Амгалантай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэж
байна. Тэрээр засаг даргын ажлаа аваад нэг жил болж байгаа юм.
Сумын засаг дарга, түүний тамгын газрын үйл ажиллагаа нь тухайн орон нутагт оршин суугаа иргэдий амьдралд шууд нөлөөлдөг. Иргэдийн амьжиргааг дэмжих орон нутгийг чанартай үйлдвэрлэл үйлчилгээг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлынх нь талаар ярилцлаа.
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлээр ямар ямар ажлыг зохион байгуулаад байна бэ?
Бүх шатны засаг даргын үүрэг бол Иргэдийн амар амгалан байдал, иргэний болон өрхийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэж боловсруулсан бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд хүргэх, нийгмийн халамж үйлчилгээ, амьжиргааг дэмжих төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөл, ажилдаа хариуцлагатайгаар хандах байдал, төрийн үйлчилгээг иргэдэд цаг алдалгүй түргэн шуурхай хүргэх зэрэг салбар бүрийн үйл ажиллагаанд анхаарал хандуулж дэмжлэг үзүүлэн удирдан чиглүүлж ажиллаа. Энэ олон ажил, арга хэмжээнүүдийн төлөвлөлт боловсруулалт, гүйцэтгэлийн үе шатуудад мөр зэрэгцэн ажилласан ажлын хамт олон, албан байгууллага аж ахуйн нэгжүүдийн дарга удирдлагууд, тухайн байгууллагуудын хамт олны хичээл зүтгэл, ажлын үр дүнг гэж бодож байна.
Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажлаасаа дурдвал? Энэ ажил аймгийн хэмжээнд хоцрогдолтой байгаа ...
Хамгийн гол нь бид иргэдийн Иргэдийн эрэлт, хэрэгцээнд суурилсан жижиг дунд үйлдвэрлэл болон цехийг орон нутагт хөгжүүлэх зорилго тавин ажиллаж байна. Энэ хүрээнд "Говь-Угтаал суманд ямар үйлдвэрлэл үйлчилгээг нэн түрүүнд хөгжүүлэх шаардлагатай байна вэ” гэсэн сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үр дүнг нь харвал хүлэмжийн аж ахуй байгуулах, арьс шир боловсруулах цех ажиллуулах, элдэх оёх, малчдын үйлдвэрлэсэн цагаан идээг худалдан борлуулах зах зээл бий болгох гэсэн саналууд гарсан. Тиймээс сум орон нутагтаа зах зээлд үнэлэмж байхгүй болсон арьс ширийг боловсруулах бичил үйлдвэр байгуулж боловсруулах, боловсруулсан арьс ширээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх оёдлын цех байгуулах хаягдал зүймэл өөдсөөр бэлэг дурсгал сувинерын үйлдвэрлэл бий болгохыг зорьж байна. Малчин айл бүр хөхүүртэй болох цаашлаад Говь-Угтаал сум хөхүүрийн үйлдвэрлэлийг брэнд болгоход уриалга гаргасан байгаа энэ хүрээнд хөхүүр хийсэн, хийхээр эсгүүрээ гаргасан айлын тоо нэмэгдэж байна. одоогоор манай суманд шинэ хуучин нийлсэн 70 гаруй хөхүүр байгаа гэтэл нийт 357 малтай өрхийн 279 нь малчин өрх байгаа. Айрагны хөхүүр, хөхүүртэй холбогдох зан үйл дэлхийн соёлын өвийг хамгаалагч байгууллага Юнескогын соёлын өвд бүртгэгдсэн байгаа шүү дээ.
Үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, ажлыг ямар хэмжээнд зохион байгуулж байна бэ?
Үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, худалдан борлуулах ажилд дэмжлэг үзүүлэн ажиллах нь засаг дарга, түүний тамгын газрын нэг үүрэг. 2019 оны 06 сард Дундговь аймаг Өвөрмонголын Баяннуур аймгийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд цагаан идээ болон сур суран эдлэлээр 5 иргэний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд худалдаалагдсан. 2019 оны 09 сарын 20-ны өдөр "Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг сумандаа зохион байгуулж шилдгээр шалгарсан иргэд маань 09 сарын 21-нд Дундговь аймагт зохион байгуулагдсан арга хэмжээнд амжилттай оролцсон. Манай 2-р багийн иргэн Гансүхийн Нандин-Эрдэнэ шилдэг цагаан идээ шалгаруулах төрөлд шагналт байранд орсон. За хөрш зэргэлдээх сумдад зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцход нь дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Манай аймгийн хувьд газар тариалан эрхлэлтийн ажлууд хангайн бүсийн аймгуудыг бодвол бага байдаг энэ тараар ямар ямар ажлуудыг зохион байгуулж байна бэ?
Аймгийн бодлогоор сум бүр 1 үйлдвэртэй болох зорилтыг тавин ажиллаж байгаа. Говь-Угтаал сумын хувьд хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх чиглэлийг барин ажиллаж байна. Энэ төрийн үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа иргэддээ хүлэмж барих газрын үнэ төлбөргүй олгоод байгаа. За ногоо тариалах аргачлал, тэр дундаа хүлэмжид ногоог хэрхэн тарих талаар арга зүйн зөвлөгөөг мэргэжлийн хүнээс авахуулсан иргэд маань үнэ төлбөргүй хамрагдсан байгаа. Бас цэвэр хөрсөнд ургасан ногоог хүнсэндээ хэрэглэхийн ач холбогдлын талаар сургалт мэдээллийг иргэддээ хийсэн. "Инвести –ко оп Монгол” гээд Канадын хөрөнгө оруулалттай төслийн багтай хамтран сумын төвд 1 хүлэмж шинээр барьж 6 ажилгүй иргэнийг ажиллуулж дадлагажуулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр өвлийн хүлэмж барих Бунхант гэдэг газар руу 1 км эрчим хүчний шугамыг татуулж 2 га талбайг хашаажуулахаар ажиллаж байна. Өнгөрсөн онд тендерийг шалгаруулж гүйцэтгэгчээр нь " ТОМ НОЁД” ХХК шалгарсан. Гэхдээ цаг хугацааны хувьд хүйтний улирал эхэлсэн болохоор он дамжуулан гүйцэтгэлийн ажил хийгдэхээр болоод байгаа. Манай 1-р багийн малчин Дорждамбын Мөнх-Эрдэнийнх гэж үлгэр жишээ гэр бүл байдаг. Тэднийх мал малынхаа хорооны дэргэд 2 хүлэмж барьж, хүнсний нарийн ногоо, амтат гуа тариалж нэлээдгүй туршлагажиж байгаа. Бас хонины арьс, хурганы арьс элдэх ажлыг хийж залуучуудад зааж сургасаар ирсэн.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөөр олгогдсон төслүүдийн хувьд ямар чиглэлүүдээр олгогдсон бэ?
Манай сумын нэг онцлог бол хэлэлцүүлгүүдийг байнга хийж хэвшсэн. ИТХ-аар жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сум хөгжлийн сангаас олгох зээлийн чиглэлийг хэлэлцүүлэхэд газар тариалан хүнс, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ гэсэн саналууд эрэмбэлэгдсэн. Өнгөрсөн онд 3 иргэнд 35,0 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.
Иргэдийг төсөл бичих хэрхэн төсөлд хамрагдаж талаар сургалт, мэдээллийг хэрхэн өгч байна. Энэ нь тухайн бизнесийг тогтвортой үр ашигтай байхад нөлөөлдөг гол хүчин зүй шүү дээ ?
Тэгэлгүй яах бэ... Төсөлд хамрагдаж зээл авах хүсэлтэй иргэнд төсөл хэрхэн бичих талаар арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байгаа нийт 15 иргэнд зөвлөгөө өгсөн байгаа. Харин үүнээс 10 иргэн төсөл бичиж ирснийг төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд оруулан хэлэлцүүлж шаардлага хангасан гэж үзсэн 3 төслийг 35,0 сая төгрөгөөр санхүүжүүлж уг төслүүд чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байна.
Төсөлд хамрагдсан гишүүд маань ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна бэ?
За нэг иргэн гагнуурын төмөр хийц, 2 иргэн арьс элдэж боловсруулах чиглэлээ үйл ажиллагаа явуулахаар төслөө авсан. Арьс шир үнэгүйдэж зах зээлд борлуулагдахгүй болсны улмаас хог дээр хаягдаж орчныг их бохирдуулж байна тиймээс сонгон шалгаруулалтын багынхан энэ төслийг дэмжсэн гэж ойлгож байгаа. Хонины арьс нэхийнд анхан шатны боловсруулалт хийх, иргэдийн захиалгаар арьс элдэж дээл оёх ажлыг хийгээд эхэлчихсэн байгаа.
Манай аймаг мал аж ахуйн аймаг малчдын амьжиргааг дэмжих, мал бүхий иргэдийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж байгаа ажлаасаа дурдвал...
За манай "Малчдын зөвлөгөөн”-ийг жил бүр хийсээр ирсэн өнгөрсөн 2019 оны зөвлөгөөнөөр малчид, иргэдийг цагаан идээ үйлдвэрлэж худалдан борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх уриалга гарсан. Уриалга гарснаар иргэд цагаан идээг үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулахад орон нутгийн удирдлагын зүгээс онцгой анхаарч ажилласан. Дундговь Говьсүмбэр аймаг болон Өвөрмонгол, Улаанбаатар хотын иргэдэд зуучлан борлууллаа. Д.Оюундэлгэр, Б.Өлзийжаргал, А.Долгор, Г.Ханджамц, Б.Эрдэнэжаргал, Ч.Тунгалаг, Ч.Наранцэцэг, Г.Нандин-Эрдэнэ, Д.Баярчимэг нарын олон хүмүүсийн хийсэн цагаан идээ Өвөр монгол, Англи Америк Солонгос, Швецари зэрэг олон орнуудын хэрэглэгч нарт хүрч дэлхийн зах зээлд гарсан гэж хэлж болно. ХХҮГ-аас олгодог малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд хүсэлт гаргаж мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй 3 гэр бүлд 14.0 сая төгрөгийн 317 толгой малыг олголуулсан. Төсөлд хамрагдсан малчид маань авсан зээлээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөн малаа маллаж байна. Энэ төсөлд дандаа залуу гэр бүлүүд маань хамрагдсан байгаа.
