| |
"ҮНЭН БЭХ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ГЕОЛОГИЧ Ц.САЙХАН-ЭРДЭНЭ: БИД ХАРИУЦЛАГАТАЙ АЮУЛГҮЙ УУРХАЙГ БИЙ БОЛГОХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙГАА
"Үнэн бэх” ХХК-ийн ерөнхий геологич Ц.Сайхан-Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.
Танай компани хэзээнээс эхэлж орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. Ямар бүтээн байгуулалтууд хийгдээд байгаа бэ?
Манай "Үнэн Бэх" ХХК нь 2017 онд уул уурхай, олборлолтын чиглэлээр үүсгэн байгуулагдсан. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж байна. За одоогоор мэдээж офиссийн байр, 200 ажилтан байрлах халуун хүйтэн ус, ариун цэврийн өрөө, дүш, нийтийн амрах өрөөтэй ажилчдын байрыг ашиглалтад оруулаад байна. За гүний худаг, цахилгааны эх үүсвэр, уурын зуух, шатахуун түгээгүүр, авто засвар, зогсоол зэргийг барьж байгуулаад байгаа.
Орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах ажлыг хэрхэн зохион байгуулж байна бэ?
Өнгөрсөн хугацаанд орон нутгаас 65 хүнийг ажлын байраар хангасан. Сумдаар нь харвал Сайнцагаан сумаас 50, Гурвансайхан сумаас 24, Сайхан-Овоо сумаас 1 хүн авч ажиллуулсан. Ажиллах хүчний захиалгаа тухай бүрд нь аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газарт өгч ажилладаг. Аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд мэргэжил шаардахгүй 20-40 хүнийг авч ажиллуулна гэсэн байдаг. Ер нь үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх юм. 300 гаруй хүн ажлын байраар хангагдах боломжтой.
Орон нутгаас ажиллаж байгаа иргэд маань ямар ажлын байранд түлхүү ажиллаж байна бэ? Цалингийн хэмжээ ямар байдаг бэ?
Мэдээж, үйлчилгээний ажилтан, хөрөөний туслах ажилтнууд байдаг. Хөрөөний туслах ажилтны цалин бол нэг сая төгрөгөөс эхэлдэг. Тодорхой хугацаатайгаар цалин нь өсдөг. Дээд тал нь гурав хүртэл сая төгрөгийн цалин авах боломжтой. Манай нийт цалингийн зардлаас харахад Орон нутгийн ажилтнуудад 477,1 сая төгрөгийн цалин олгож, Орон нутгийн төсөвт ЭМНД/ХХОАТ болон бусад татвар хураамжид 163.7 сая төгрөг, улсын төсөвт ЭМНД/ХХОАТ болон бусад татвар хураамжид 509,5 сая төгрөг төлсөн.
Ажиллах хүчний нөөц бүрдүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулж байна бэ?
Одоогийн байдлаар хөрөөний мэргэжилтэнг бид Хятадаас авч ирж ажиллуулж байгаа. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэхэд мэдээж олон ажилтан хэрэгтэй болно. Тиймээс аймгийн МҮСТөвтэй хамтран мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажил яригдаж байгаа. Хэрвээ энэ ажил маань хэрэгжвэл жилдээ 30 мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдэх боломж бүрдэнэ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт ямар ямар хөрөнгө оруулалтыг хийсэн бэ?
2018 онд Нийгмийн хариуцлагын хүрээнд аймаг болон сумтай байгуулсан гэрээний дагуу хүн эмнэлгийн салбаруудад автомашин бэлэглэсэн. Яах бэ үүний хажуугаар хандив тусламжийн ажлууд бас хийгддэг. Гурвансайхан суманд маань шүлхий өвчин гарсан үүнд 3 сая төгрөгийн шатахуун, Гурвансайхан сумын ногоон байгууламжийн усалгааны системд 8 сая төгрөгийн тоног төхөөрөмж, Овооны наадамд мөнгөн тусламж болон автомашинаар үйлчилсэн, айлуудын өвөлжөөний болон булгийн эхийн элсийг түрж зайлуулсан, 2019 онд Дундговь аймгаас зохион байгуулсан "Уяхан замбуу тивийн нар” наадамд 30 сая төгрөг, Гурвансайхан сумын ойн арга хэмжээнд 10 сая төгрөг, Гурвансайхан сумын ногоон байгууламжийн арчилгааны зардалд 3 сая төгрөг, гэхчлэн зарцуулсан, сумын хогийн цэгт дахин төлөвлөлт хийж хусаж цэгцлэх ажлыг хийж эхлүүлээд байна.
Хамтын ажиллагааны гэрээг аймаг сум хоёулантай нь хийж байгаа энэ танай компанид хүндрэлтэй байдаг уу?
Засгийн газрын 179-р тогтоолоор Хамтын ажиллагааны гэрээг стратегийн ордоос бусад тохиолдолд сумын засаг даргатай байгуулна гээд заачихсан байдаг. Гэхдээ бид нарт бол хүндрэлтэй зүйл байдаггүй.
Мэргэжлийн хяналт, стандарт хэмжил зүй, за татварын байгууллагуудаас гээд төрийн байгууллага болоод иргэдээс элдэв төрлийн дарамт шахалт ирж байна уу?
Үгүй ээ ер нь тухайн байгууллага өөрөө хуулийн дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж, стандартад нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах хэрэгтэй. Манайх 2018 онд бичиг баримтаа шилжүүлж аваад л багийн ИТХ-аад үйл ажиллагаагаа танилцуулж яг л хуулийн дагуу бүх зүйлээ хийж ирсэн. Энэ хугацаанд сумын иргэдээс ямар нэг гомдол ирж байгаагүй ээ.
Уул уурхайн компанийн үйл ажиллагааг дагаад байгаль орчин сөрөг нөлөө их гардаг. Наад захын жишээ л гэхэд тоосжилтын асуудал байдаг ?
Гантиг маань өөрөө бас их онцлогтой олборлох явцад ус ашиглаж хөрөөддөг тэгэхээр олборлолт хийгдэх явцад тоосжилт гардаггүй гэж ойлгож болно. Тээвэрлэлтийн хувьд манайх тодорхой хэмжээнд хуримтлуулж байгаад ачилт хийдэг болохоор нүүрс, жонш зэргээс бага тоосжилт үүсгэдэг гэж үздэг.
Уул уурхайн компаниуд тээвэрлэлт хийхдээ замын зураг батлуулдаг. Замын зургаа батлуулсан уу?
Сая нэг сард шинэчлэн батлуулсан. Урьд нь батлуулсан замын зураг маань "Их газрын чулуу”-ны байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийг дайран өнгөрч байна гэсэн асуудал гарч ирсэн. Тиймээс шинэчлэн батлуулсан. За замын асуудал дээр одоо бид нар 20 км замыг хусаж сайжруулах ажил хийгдэх гэж байна. Манайх уурхайн доторх замыг үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд усалгааны машинаар тогтмол усалж байгаа.
Танай ойр хавьд байдаг айлуудын малд уул уурхайн нөлөөллийнх байж болзошгүй эмгэг шинж тэмдэг илэрсэн тохиолдол байгаа юу?
За яг одоогийн байдлаар бол алга гэхдээ өнгөрсөн жилийн хувьд уурхайн ойролцоох нэг айлын малын нүд өвдсөн. Малын эмчид үзүүлж, шинэлүүлж барьсан юм байхгүй юм билээ. Өөр тохиолдол одоогоор байхгүй байгаа.
Орон нутгийн иргэдээс мах сүү, шаардлагатай хувцас хэрэглэл гээд худалдан авалт хийж байгаа юу
Тийм ээ аль болох л авахыг хичээдэг харин хавар сүү цагаан идээ ховор үед аймгийн төвөөс авдаг. Манай цайны газар бүх талх нарийн боовоо өөр дээр хийдэг, бас нэг га хүлэмжтэй түүндээ ажилчдын хүнсний хэрэгцээнд зориулан нарийн ногоо тариалдаг байгаа магадгүй энэ ажлыг өргөжүүлээд орон нутгийн иргэдийг хүнсний нарийн ногоо, талх нарийн боовоор хангах боломжтой гэж харж байгаа
Танай авто засварын газрын хүчин чадал хир их бэ магадгүй жижиг уурхайнуудын машин тоног төхөөрөмжийг засварлах ажлыг өөр дээрээ хийх боломж байгаа юу?
Энэ бол боломжтой. Манайх анхнаасаа тухайн объектыг барихдаа нэлээд сайн тоног төхөөрөмжийг суурилуулсан байгаа одоогоор уурхай маань бүрэн хүчин чадлаараа ажиллаагүй байна. Ажиллах боловсон хүчнээ нэмэгдүүлэхэд болохгүй гэх зүйл байхгүй ээ.
Танай талбайн нөөц хэд гэж тогтоогдсон бэ? Дагавар элемент байгаа юу?
За манайх 100 жилийн нөөцтэй гэж тогтоогдсон байгаа. Гэхдээ хуулийнхаа дагуу олборлолтын зөвшөөрөл маань 30 жилээр гарсан. Цаашдаа 30,30 жилээр 3 удаа сунгах эхтэй байдаг л даа.
Аливаа ААН-үүд тэр дундаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах хамгийн чухал байдаг энэ тал дээр танайхаас ямар бодлого барьж ажиллаж байна бэ?
Тийм ээ энэ бол хамгийн чухал манай ХАБ-ын ажилтан урьд нь Оюутолгой компанид ажиллаж байсан туршлагатай ажилтан байдаг. Би ч гэсэн 10 гаруй жил ХАБ-ын ажил хийсэн. Тийм болохоор анхнаасаа л хууль журмын дагуу ажиллаж эхэлсэн. Бид хариуцлагатай аюулгүй уурхайг бий болгох зорилготой ажиллаж байгаа. Уурхайн үйл ажиллагаа эхэлснээс хойш жижиг гэмтэл гарах тохиолдол бүртгэгдсэн тухай бүрд нь аймгийн мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэж бүртгүүлж ирсэн байгаа.