| |
ДҮГНЭЛТ: Коби осолдохгүй байх боломж байсан
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо Коби Брайант болон бусад найман хүний амийг авсан осол нислэгийн аюулгүй байдлын дүрэм зөрчсөний улмаас болсон гэж мэдээллээ.
Тухайн нислэг нь Холбооны нисэхийн удирдах газраас тогтоосон нисэх үеийн хэм хэмжээг илт зөрчиж, нислэгийн техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгааг дагаагүй гэдгийг ажлын хэсгээс олж тогтоожээ.
Ажлын хэсгийн дүгнэлтээр Коби Брайантын нисдэг тэрэг нь нислэгийн хамгийн чухал систем болох TAWS буюу газар ойртолтыг анхааруулах системээр тоноглогдоогүй байсан аж. Энэ нь ослын газраас олдсон нисдэг тэрэгний эвдэрхий хэсгүүд болон бусад эд мөрийн баримтаар нотлогдож байгаа юм.
Тээврийн аюулгүй байдлын үндэсний хороо 2006 оны гуравдугаар сард АНУ-д бүртгэлтэй турбинт хөдөлгүүрт нисдэг тэрэг газар ойртолтыг анхааруулах системтэй байх ёстой гэсэн стандарт баталж байжээ.
Осол болсон тухайн цаг үед нисдэг тэрэгний нисгэгч Зобаяан цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Лос Анжелес хотын нислэгийн удирдах газраас нам дор нисэх зөвшөөрөл хүсэж хэд, хэдэн удаа холбогдсон байна.
Дээрх бүх дүгнэлтийг гаргахад дор хаяж жил хагасын хугацаа шаардагдана гэж Тээврийн аюулгүй байдлын үндэсний хорооноос мэдээлжээ.