|
Видео

Шинэ мэдээ

Эрдсийн эдийн засгийн тойм

Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь авч үзэх юм бол нийт 30 орчим хувийг бүрдүүлэгч нь уул уурхайн салбарын экспорт буюу алт, зэс, нүүрс. Бүр тодруулбал, манай экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс бид гол нэрийн Эрдсийн бүтээгдэхүүний өнгөрсөн оны гүйцэтгэл болон энэ оны төсөөллийг дэлхийн зах зээлтэй хэрхэн уялдаж байна гэхчлэн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Зэс

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш нэмэгдэж тонн тутмын үнэ 6181 ам.долларт хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улстай байгуулах худалдааны хэлэлцээ нааштай байгаа талаар мэдэгдсэн нь зэсийн зах зээлд нааштай нөлөө үзүүлсэн гэж шинжээчид хэлж байгаа. 2019 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 1.292.7 мян тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1.7 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага байгаа юм. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбогдуулан 2019 онд зэсийн хэрэглээ нэмэгдээгүй. Түүгээр ч барахгүй мэргэжлийн судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн ханшийн төсөөллөө бууруулаад байна. Энэ нь худалдааны дайнаас үүдэлтэй тодорхой бус байдалтай холбоотой юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2020 онд дунджаар 5991 ам.доллар байна гэж Сангийн яам тооцжээ.

Дэлхийд жилд 15 сая тонн зэс ашигладаг. Зэс нь айл гэр, автомашин, сэлбэгт ашиглагдахаас гадна технологийн болон дэд бүтцийн олон салбарын тоног төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг тул зэсгүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлөх боломжгүй юм.

Алт

Худалдааны дайнд ялагч байхгүй гэсэн яриа гараад байгаа. Тэгвэл худалдааны дайнд ялагч болон гарч ирсэн эрдэс бол алт. Худалдааны маргаан, хөгжингүй орнуудын Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого зэрэг эдийн засагт үүсээд байгаа тодорхойгүй байдлын улмаас алтны ханш өсч байна. Яагаад өссөн бэ гэвэл, хөрөнгө оруулагчид  алтыг хамгийн найдвартай хэмээн үзэж худалдан авч байгаа тул ийнхүү  2019 онд ханш нь эрс өсөөд байгаа юм. Олон улсын шинжээчид алтны ханшийг цаашид өснө хэмээн таамаглаж байна. Бүр тодруулбал, унци нь 1545 ам.долларт хүрэхээр байгаа гэдэг тоог УИХ-ын гишүүдэд 2020 оны төсөв хэлэлцэх үеэр танилцуулж байсан билээ. Монголбанк түүхэндээ анх удаа 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Гэтэл алтны 2.5 хувийн роялтийн татварыг сунгаж батлаагүйнхээ горыг одоо эхнээсээ амсаад эхэлсэн гэж салбарын сайд нь хэлж байна. Учир нь 2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанк 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт юм. 2019 оны арваннэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128.002.45 төгрөг байлаа.

Эрдсийн эдийн засгийн тойм

Эдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ

Гадаад орнуудын Төв банкууд валютын нөөцдөө алтыг нэмж нөөцөлж байгаа нь эдийн засаг хямрахын дохио байж магадгүй юм. Хамгийн их нөөц бүхий таван орны жагсаалтыг харахад манай хоёр хөрш буюу ОХУ болон БНХАУ тэргүүлсэн байна.

Алтны ханш нэмэгдэж байгаа гадаад зах зээлийг ашиглах боломж бол алтаа цэвэршүүлэн худалдаалах юм гэдгийг Засгийн газар, Монголбанкны зүгээс хэдэн жил ярьсны эцэст "Эрдэнэс Алт” компанийг байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Казахстан улсад айлчлахдаа Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Техник эдийн засгийн үндэслэлээр бол уг үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн бөгөөд жилдээ 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэн боловсруулах хүчин чадалтай юм байна. Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарьт цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотооддоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм.

Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны хоёрдугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна. Өөрөөр хэлбэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ.

Нүүрс

Монгол Улс нүүрсний салбараас 2018 онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол 2019 оны аравдугаар сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Харин Засгийн газраас тооцоолсноор бол 42 сая тонн нүүрс экспортлон 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байсан билээ. 

Энэ оны төсөвт тусгахдаа Гаалийн шинэчлэл хийж, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлснээр 42 сая тонн нүүрс экспортолж 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөө тавьж ажиллаж буй. 

БНХАУ-ын Засгийн газраас Шаньси, Өвөрмонгол, Няншя, Хэбэй зэрэг мужуудад бага хүчин чадал бүхий нүүрсний уурхайнуудаа хааж үйл ажиллагааг зогсоосон нь тус улсын нүүрсний импорт сүүлийн гурван жилд дараалан өсөөд байна. Харин энэ жил БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа. Нүүрсний ханшийг цаашид буурна гэсэн төсөөлөл байгаа юм. Тухайлбал Австралийн коксжих нүүрсний ханшийг шинжээчид
энэ онд буурч 154 ам.долларт хүрнэ гэж үзсэн байна. Тэгэхээр алт дээшээ өсөлттэй байгаа бол "хар алт”-ны ханшийг заасан шугам доош зааж байна.

Эрдсийн эдийн засгийн тойм

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж байна. Эхлээд "Эрдэнэс-Тавантолгой” дээр стратегийн түншлэгчээ сонгох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Монголоос гарч байгаа нүүрсний зах зээл БНХАУ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн нүүрсийг онгоцоор АНУ руу, Европ руу зөөж борлуулна гэдэг бүтэхгүй асуудал. Коксжих нүүрсний зах зээл дээр Австралитай, Индонезтой өрсөлдөхийн тулд бид ажиллаж байгаа. Тавантолгой олон улсын зах зээл дээр гарах ёстой гэж үзэж байгаа. Стратегийн хамтрагчаа сонгосноор жилд 70 сая тонн нүүрс гаргах боломжтой. 

2020 онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давахаар байгаа тул хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн үнээр тооцжээ. Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн ханшийг 6290.5 ам.доллараар, нэг тонн нүүрсийг 75.5 ам.доллараар тооцоод байна. Зэсийн үнэ 5991 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн ханшаас 4.7 хувиар бага байгаа тул 2020 онд зэсийн орлогоос Тогтворжуулалтын санд хуваарилахгүй, зөвхөн нүүрсний орлогоос 125.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Манай улс өнгөрсөн онд уул уурхайн салбарын орлогоос 3.2 их наяд олохоор төлөвлөсөн. Энэ нь  төсвийн орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр байсан хэдий ч яг дүндээ хүрээгүй байна.

Эрдсийн эдийн засгийн тойм

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

Уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгийн эмзэг бүтцийг засах, ажиллах хүчний боловсрол бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, байгаль цаг уурын өөрчлөлтөд бэлэн байх гэх мэт урт хугацааны чухал асуудалд шийдэл олох нь бүх цаг үеийн бодлого тодорхойлогчдод сорилт болсоор ирсэн. Гэтэл түүхий эдийн ханшийн хэлбэлзэл, хөрөнгийн дотогшлох урсгал дээрх эрсдэлүүд, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг сорилтууд хүлээгдэж байгаа нь урт хугацааны дээрх чухал асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж, шийдэл хайх боломжийг хязгаарлаж болзошгүй.

 
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.