| |
Уралдаанд түрүүлсэн иргэн 25,0 сая төгрөгөөр орчноо тохижуулжээ
Дундговь аймгийн ЗДТГ, Мандалговь хотын Захирагчийн албанаас зарласан "Шилдэг тохижилт- Гэрлэн чимэглэл” уралдаанд байгууллага, аж ахуйн нэгжүүдээс аймгийн ОБГ, Сайнцагаан сумын долдугаар цэцэрлэг, "Хөрх булаг" ХХК, иргэдээс Айраг багийн Н.Эрдэнэболор, Нарлаг багийн П.Өлзийбат, Арвижих багийн иргэн М.Отгонбаяр нарын гэр бүл санаачилгатай оролцож, эхний байруудад шалгарчээ.
Хотын өнгө үзэмжийг сайжруулахад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Мандалговь хотын захирагч, сумын Засаг дарга Р.Мөнхтогтохын санаачилгаар тус уралдааныг гурван сарын хугацаанд зохион байгуулсан ажээ.
Айраг багийн иргэн Н.Эрдэнэболор 25,0 сая төгрөгөөр бетонон хашаа хийж, хашаандаа сүүдрэвч, усан оргилуур, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай байгуулан, сайжруулсан ариун цэврийн байгууламж барьж, амьдрах орчноо тохижуулсан бол Нарлаг багийн иргэн П.Өлзийбат нь 2 давхар 128 мкв байшингийнхаа гадна өнгө үзэмжийг сайжруулж, модон хашаа, хаалгаа бүрэн шинэчилж, орчин үеийн өнгө үзэмж сайтай төмөр хашаагаар сольжээ.
Мөн хашаан доторх хуучин гараашаа засч, модон байшингаа зосдож, хаалга, дээврийг нь сольсон бөгөөд хашаандаа хайлаас, сухай тарьж ургуулсан байна. П.Өлзийбат энэхүү тохижилтын ажилдаа 8,5 сая төгрөг зарцуулжээ.
Харин Арвижих багийн иргэн М.Отгонбаярынх өмнө нь хашаагүй, задгай талд амьдардаг байсан бол өөрсдийн хөрөнгөөр хашааны гадна болон доторх орчноо сайжруулж чаджээ.