| |
Жуулчдын аюулгүй байдлыг “Оюутан цагдаа” хамгаална
Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн
Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран "Оюутан цагдаа”
хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн талаар
мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө.
Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх,
жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх,
тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм.
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон
шалгаруулж авсан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад жуулчидтай
хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх
тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн
хичээлийг мэргэжлийн багш нар зааж байгаа юм. Хөтөлбөрт эхний ээлжинд
44 оюутан хамрагджээ.
Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын
хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт 4 цагаас доошгүй, сард
88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон
олгох юм. Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг,
жуулчны улирал буюу 7,8,9 сар дуустал ажилласанаар 924 000 төгрөгийн
урамшуулал авах юм байна.
Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал
ажиллана. Оюутан цагдаа хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргаж
байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.