| |
Л. Мөнх-Эрдэнэ: Ерѳнхийлѳгчийн засаглал: Эрх мэдлийн салгалт, хазаарлалт, тэнцвэржүүлэлт
Ерѳнхийлѳгчийн засаглал хуулийн засаглал
Парламентын засаглал нь Англид хаант тѳрийн дор, түүхийн явцад бий болсон бол ерѳнхийлѳгчийн засаглал нь Англиас тусгаар тогтнож, эрх чѳлѳѳгѳѳ олж авсан АНУ-д либерал ардчилсан засаглалын онол, философийн үндсэн дээр бүтээгдсэн юм.Ерѳнхийлѳгчийн дэглэмийн амин сүнс нь хуулийн засаглал буюу тѳрд хэн нэгэн (хаан, ерѳнхий сайд), эсвэл хэсэг бүлэг (нам, эвсэл) бус харин хууль засаглаж байх ёстой гэдэг үзэл санаа юм.Тиймээс энэ үзэл санаа ерѳнхийлѳгчийн засаглалын зохион байгуулалтын үндсэн зарчим болдог.Улмаар тѳрийн эрх мэдлийг үндсэн хуулиар хязгаарлаж, хувааж, хуваарилж, салгаж, хазаарлаж, тэнцвэржүүлж байж л үндсэн хуулийн, улмаар хуулийн засаглал тогтоож иргэний болон хүний эрх чѳлѳѳг баттай хамгаалж болно гэж үздэг.
Тиймээс хүний халдашгүй эрхийг тунхаглаж (Bill of rights) үндсэн хуулиар тѳрийн эрх мэдлийг хязгаарлаад зогсохгүй түүнийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлүүдэд хувааж (division of powers) конгресс, ерѳнхийлѳгч, дээд шүүхэд хуваарилдаг (distribution of powers).Улмаар конгресс, ерѳнхийлѳгч, дээд шүүхийг харилцан хараат бус байхаар байгуулснаар тѳрийн эрх мэдлүүд нэг институцийн гарт тѳвлѳрѳхѳѳс сэргийлэн салгадаг (separation of powers).Хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг харилцан бие биенээс нь хараат бус болгон салгахын тулд конгресс, ерѳнхийлѳгч хоёрыг ард түмэн ѳѳрсдѳѳ шууд сонгон байгуулдаг.Харин шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангахын тулд дээд шүүхийн гишүүдийг ерѳнхийлѳгч нэр дэвшүүлж сенат бүх насаар нь томилдог. Улмаар конгрессын баталсан хуульд ерѳнхийлѳгч хориг тавих, ерѳнхийлѳгчийн тавьсан хоригийг конгресс гуравны хоёроор цуцлах, ерѳнхийлѳгч болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг конгресс хянаж, шалгах, ерѳнхийлѳгчийг импийчмент (impeachment, парламентын шүүх гэсэн үг) хийх, конгрессын баталсан хууль болон гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаа үндсэн хуульд нийцэхгүй бол дээд шүүх хүчингүй болгох зэрэг эрхийг тус тус олгож тѳрийн институцүүд харилцан бусдынхаа үйл ажиллагаанд оролцон хазаарлах, тэнцвэржүүлэх (checks and balances) механизмыг суулгадаг. Чухам ийнхүү тѳрийн эрх мэдлийг 1) хязгаарлаж, 2) салгаж, 3) харилцан хазаарлан, тэнцвэржүүлснээр тѳрийн эрх барих байгууллагууд үндсэн хуулийн хүрээнд ѳѳр ѳѳрсдийн эрх мэдэл, үүргээ хараат бусаар бие даан хэрэгжүүлэх боломжтой болдог тѳдийгүй, харилцан бие биенээ хазаарлан, тэнцвэржүүлснээр аль нэг институц нь хүчирхэгжин тѳрийн эрх мэдлийг гартаа тѳвлѳрүүлэн улмаар тѳрд нэг институц, нэг субъект засаглах боломжийг хаaдаг. Чухам ингэж байж тѳрд үндсэн хууль, улмаар хууль засаглах боломжтой болгодог байна.
Мѳн чанар: Ардчилсан засаглал
Нэгэнт гүйцэтгэх засаглалыг ард түмний шууд, тогтмол хугацаагаар сонгосон ерѳнхийлѳгч тэргүүлдэг учир уг засаглалыг парламентын засаглалаас ялгаж ерѳнхийлѳгчийн засаглал гэж нэрлэсэн аж.Ерѳнхийлѳгчийн гэж нэрлэдэг ч ард түмэн хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалаа хоёуланг нь ѳѳрсдѳѳ шууд, тогтмол хугацаагаар сонгон байгуулдаг юм.Түүнээс биш парламентын засаглалд парламент засгийн газрыг, эсвэл хаант засаглалд хаан парламентыг томилон байгуулдаг шиг ерѳнхийлѳгч парламентыг байгуулдаггүй юм.Тиймээс ерѳнхийлѳгчийн засаглал гэдэг нэршил нь тийм ч оновчтой биш.Харин ч хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалыг ард түмэн ѳѳрсдѳѳ шууд сонгон байгуулдаг учир судлаачид ард түмэн эзэн эрхээ (popular sovereignty) бодитойгоор хэрэгжүүлдэг засаглал гэж үзэх нь бий.
Ерѳнхийлѳгч болон конгрессыг сонгогчид шууд сонгон байгуулснаар ард түмэн тѳрийн эрх барих эрхээ шууд хэрэгжүүлж байгаа тѳдийгүй хамгийн чухал нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлүүдийг бодитойгоор салгаж, тэдний хооронд харилцан бие биендээ эсрэгцэх, бие биенээ хазаарлах, тэнцвэржүүлэх харилцааг үүсгэдэг юм.Ард түмэн конгресс болон ерѳнхийлѳгчийг шууд сонгосноор хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалууд нь тус тусдаа ардчилсан легитим үндэстэй бие даасан институцүүд болдог.Нэгэнт сонгогчид парламент болон ерѳнхийлѳгчдѳѳ ѳѳрсдѳѳ, шууд сонгодог учир парламент, ерѳнхийлѳгч нар нь хэн нэгнийхээ ѳмнѳ хариуцлага хүлээх, хэн нэг нь нѳгѳѳгѳѳ огцруулах, тараах эрхгүй болдог.Харин ард түмэн парламент, ерѳнхийлѳгч хоёртой хариуцлага тооцохын тулд тэднийг тогтмол хугацаагаар сонгодог бѳгѳѳд тогтоосон хугацааны эцэст сонгууль явуулан хариуцлага тооцож сайн бол сунгаж муу бол буулгадаг.Ийнхүү парламент, засгийн газар хоёрыг байгуулах, буулгах эрхийг ард түмэн ѳѳртѳѳ хадгалснаар хууль тогтоох, гүйцэтгэх засаглалуудыг бүрэн салгаж бие даасан болгодог юм.
Энэ нь хаант засгийн үед хаан нь парламентаа байгуулах эсвэл, парламентын засаглалд парламент нь засгийн газраа байгуулах ёсыг устгаж улмаар эдгээр институцүүдийн хоорондын үүсдэг "эзэн албатын” (sovereign and servant, principal and agent) харилцааг халж ард түмэн ѳѳрсдѳѳ эзэн (sovereign) нь болж байгаа хэрэг юм. Ингэснээр парламент, засгийн газар хоёр харилцан хараат болох, хутгалдах, сүлбэлдэх (парламентын гишүүд засгийн газрын гишүүд болох), харилцан бие биенээ хамгаалах, "барьцаалах”, "дарамтлах”, харилцан бие биендээ үйлчлэх, улмаар тѳрийн бүх эрх мэдэл хэсэг бүлгийн эсвэл хэн нэгний гарт тѳвлѳрѳх (олонх нам, кабинет, ерѳнхий сайд) явдлыг устдаг юм.Тѳрийн эрх мэдлийг салгах онол нь чухам энэ зорилгоор бүтээгдсэн бѳгѳѳд ерѳнхийлѳгчийн гэж нэрлэгддэг засаглал нь чухам энэ онол дээр бүтээгдсэн тогтолцоо, түүний биелэл билээ.
Тѳрийн эрх мэдлийг салгах зарчим нь тѳрийн эрх мэдэл нэг субъектийн (хааны эсвэл парламентын) гарт тѳвлѳрѳх явдлыг халдаг юм.Энэ нь парламентын засаглалтай манайх шиг улс орны хувьд бол парламентын, олонхын, кабинетын, ерѳнхий сайдын засаглалыг хална гэсэн үг.Энэ нь парламентыг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг тѳвлѳрүүлсэн засаглагч институц байхыг, парламентыг олонхын дарангуйллын, намын засаглалын, кабинет-ерѳнхий сайдын диктатурын хэрэгсэл байхыг хална гэсэн үг.Энэ нь засгийн газрыг парламентын "гүйцэтгэх хороо” (executive committee), парламентыг засгийн газрын "ёсчлогч” байх явдлыг хална гэсэн үг.Энэ нь парламентыг жинхэнэ утгаар нь ард түмний тѳлѳѳлѳл, хууль тогтоох институц, засгийн газрыг ард түмний тѳлѳѳлѳл болсон парламентын гаргасан хуулийн дор ажилладаг гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг институц болгоно гэсэн үг.Тиймээс тѳрийн эрх мэдлүүдийг салгана гэдэг нь тѳрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалуудыг бие даасан, тусгаар тогтносон институцүүд болгож, тѳрийн эрх мэдлүүд нэг субъектийн гарт тѳвлѳрѳх, улмаар нэг субъектийн засаглал тогтдог ёсыг халж байгаа хэрэг юм.
Парламент: Aрд түмний тѳлѳѳлѳл, хууль тогтоох засаглал
Нэгэнт засгийн газар нь парламентаас тусдаа байгуулагдаж, тусдаа оршин тогтнодог учир парламент нь засаглагч институц байхаа больж, улмаар парламент(ын олонх) нь засгийн газрыг байгуулах, дэмжих албагүй болсноор парламент(ын олонх) засгийн газрыг хамгаалах, дэмжих, улмаар засгийн газрынхаа хараанд орж, түүний бодлого шийдвэрийг "ёсчлогч” байхаа бүрмѳсѳн больж, үнэн хэрэг дээрээ парламент намын, засгийн газрын, ерѳнхий сайдын эрхшээл, дарангуйллаас чѳлѳѳлѳгддѳг юм. Мэдээж хууль тогтоох гүйцэтгэх засаглалыг ингэж салгаснаар УИХ, Засгийн газар хоёр харилцан бие биенээ барьцаалдаг, дарамталдаг, халхалдаг, хамгаалдаг асуудал устахын дээр засгийн газар байгуулах, хадгалахын тулд УИХ-д байнгын олонх бүрдүүлэх асуудал устаж түүний хамтаар манай зарим эрхэм гишүүдийн хүсээд байгаа "УИХ-д бүлэглэл, фракц төрж Засгийн газрыг хүчгүйдүүлэх, төр улсыг тогтворгүйжүүлэх” явдал бүрмѳсѳн устаж алга болох нь ойлгомжтой.
Ингэснээр парламент нь засгийн газрын эрхшээл, дарангуйллаас ангижирч, бүрэн бие даасан, ард түмэн-сонгогчдын эрх ашгийн тѳлѳѳлѳл, хууль тогтоогч засаглал болж гүйцэтгэх засаглалыг хянах, хазаарлах, тэнцвэржүүлэх институц болдог.Парламент засгийн газрыг байгуулах, дэмжих үүрэггүй болсноор парламент байнгын олонхтой байх шаардлагагүй болж, улмаар парламент олонх ба цѳѳнх эсвэл эрх баригч ба сѳрѳг хүчин гэж талцах шаардлагагүй болдог.Ингэснээр парламент аливаа асуудалд олонх ба цѳѳнх эсвэл эрх баригч ба сѳрѳг хүчний байр суурьнаас талцан хандах шаардлагагүй болдог.Ингэснээр парламент, парламентын гишүүд олонх ба цѳѳнхийн засаглалаас чѳлѳѳлѳгдѳж гишүүн бүхэн аливаа асуудалд ѳѳрсдийн тойргийн болон улс орны эрх ашгийн үүднээс, ѳѳрсдийн итгэл үнэмшлийн үүднээс хандах боломжтой болж парламент жинхэнэ утгаараа хууль тогтоогчдын коллеги болох боломжтой болдог юм. Чухам ийнхүү парламент засгийн газрыг дэмжих үүрэггүй болсноор 1) гүйцэтгэх засаглалаас тѳдийгүй, 2) ѳѳрийн доторх олонх, цѳѳнхийн жанчлалаас чѳлѳѳлѳгдсѳнѳѳрѳѳ гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг ард түмэн сонгогчдын ѳмнѳѳс хянах, шүүх, гүйцэтгэх засаглалын санал болгосон аливаа хууль тогтоомж, бодлогыг ард түмний эрх ашгийн үүднээс шүүн тунгааж, няцаах, зѳвшѳѳрѳх үүргээ хараат бусаар хэрэгжүүлдэг жинхэнэ хууль тогтоох институц болдог. Тийм ч учир конгрессыг ардчилсан хариуцлага тооцох (democratic accountability) институц гэж хардаг. "УИХ засгийн газраа хянаж чадахаа болилоо!”, "УИХ засгийн газар хоёрын байр суурь алдагдчихаад байна!”, "УИХ гишүүдийг хууль тогтоогчийнх нь хувьд л сонгосон! Давхар дээлийг тайлах ёстой!”, УИХ "гүйцэтгэх засаглалдаа хөндлөнгийн хяналт тавих эрх мэдлийн зөв хуваарилалттай болох” нь зүйтэй зэрэг олон шүүмж, тунхаг нь чухам ийм парламентыг хүсэж байгаагийн илрэл юм.
Чухам парламент нь ардчилсан хариуцлага тооцох институц учир конгресс нь хууль тогтоох, ерѳнхийлѳгчийн дэвшүүлсэн хуулийн тѳслийг буцаах, ерѳнхийлѳгчийн хүссэн санхүүжилтийг ч олгохгүй байх, ерѳнхийлѳгчийн хоригийг няцаах, мѳн сенат нь ерѳнхийлѳгчийн кабинет болон дээд шүүхэд нэрийг нь дэвшүүлсэн хүмүүсийг дэмжихгүй байх, ерѳнхийлѳгчийн байгуулсан гэрээ, хэлэлцээрийг нь хянах, батлахгүй байх, ерѳнхийлѳгчийн хоригийг цуцлах, ерѳнхийлѳгч, засгийн газрын үйл ажиллагааг хянаж, шалгах, ерѳнхийлѳгчийг болон кабинетын хэнийг ч импийчмент хийж огцруулах зэрэг эрх мэдлүүдийг хэрэгжүүлж гүйцэтгэх засаглалыг хянаж, хазаарлаж хариуцлагатай байлгадаг юм.
Гүйцэтгэх засаглал: Үндэсний шинжтэй чадварлаг засгийн газар
Тѳрийн эрх мэдлийг салгах нь гүйцэтгэх засаглалын (засгийн газрын) ноёрхлыг (executive domination) устгаж, засгийн газрыг ард түмний тѳлѳѳлѳл болсон парламентын тогтоосон хуулийн дор ажилладаг гүйцэтгэх институц болгоно гэсэн үг.Нѳгѳѳ талаар гүйцэтгэх засаглал ч гэсэн парламентын улс тѳрѳѳс ангижирч тогтвортой, тууштай ажиллах боломжтой болдог юм.Нэгэнт ерѳнхийлѳгчийг тогтмол хугацаагаар сонгодог учир гүйцэтгэх засаглал ерѳнхийлѳгчийн сонгуульт хугацаанд тогтвортой оршин тогтнох нѳхцѳлѳѳр хангагддаг.Нэгэнт тогтвортой байдлаар хангагдсан учир засгийн газар сонгуульт хугацаандаа мѳрийн хѳтѳлбѳрѳѳ хэрэгжүүлэхийн тѳлѳѳ аливаа нѳѳц, цаг хугацаагаа дайчлан ажиллах боломжтой байдаг.Улмаар сонгуульт хугацааны тѳгсгѳлд сонгогчдын хувьд "тооцоо бодох эзэн” ч тодорхой байдаг.Тиймээс гүйцэтгэх засаглал тогтвортой, хариуцлагатай байдаг.
Ард түмэн ерѳнхийлѳгчийг сонгож түүнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн эрхийг олгодог учир ерѳнхийлѳгч засгийн газраа бүрдүүлэх эрхийг бүрэн эдэлж, хариуцлагыг нь ч бүрэн үүрдэг.Засгийн газрын гишүүдээ томилох, чѳлѳѳлѳх нь ерѳнхийлѳгчийн бүрэн эрх тул кабинетын гишүүд зѳвхѳн ерѳнхийлѳгчийн ѳмнѳ ажлаа хариуцаж, тайлагнаж, хариуцлага хүлээдэг.Гэхдээ ерѳнхийлѳгч ѳѳрийн дураар, хүссэн нэгнээ засгийн газрын гишүүнээр томилох боломжгүй.Ерѳнхийлѳгч засгийн газрын гишүүдээ сенатын зѳвлѳгѳѳ, зѳвшѳѳрѳтэйгээр (with the advice and consent of the senate) л томилдог.Тиймээс ерѳнхийлѳгч мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны хувьд сенатын шалгуурт тэнцэхүйц, сенатын итгэл, дэмжлэгийг авч чадахуйц хүмүүсийг л засгийн газрын гишүүнд дэвшүүлэхээс ѳѳр аргагүй болдог. Сенатын зѳвлѳгѳѳ, зѳвшѳѳрѳл нь ерѳнхийлѳгчийн эрх мэдлийг тодорхой хэмжээгээр хазаарлаж байгаа хэрэг тѳдийгүй, засгийн газар ѳндѳр мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдэх явдлыг баталгаажуулж байгаа хэрэг юм.Гэхдээ конгрессын гишүүн гүйцэтгэх засаглалын албан тушаал хаших ёсгүй учир конгресс хэн нэгнийг ерѳнхийлѳгчтэй наймаалах тухай асуудал ч үүсэх боломжгүй байдаг.
Үнэхээр ч гүйцэтгэх эрх мэдэл ерѳнхийлѳгчийн бүрэн эрх мэдэл, хариуцлагад байдаг учир засгийн газраа бүрдүүлэхийн тулд ерѳнхийлѳгч парламентын олонхыг бүрдүүлэх, парламентын нам, эвсэл, фракц, гишүүдтэй эвсэх, тохиролцох, наймаалцах, тэдний дэмжлэгийг байнга хангаж ажиллах зэрэг парламентын засаглалд байдаг хүндрэлүүдтэй тулгардаггүй. Энэ нь ерѳнхийлѳгчид засгийн газраа хангалттай мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх боломжийг ч олгодог юм.Ерѳнхийлѳгч ч засаглал, мѳрийн хѳтѳлбѳрѳѳ амжилттай хэрэгжүүлэхийн тулд кабинетаа мэдлэг, чадвар, туршлагатай хүмүүсээр бүрдүүлэхийг хичээх нь ойлгомжтой.Энэ бүхэн нь засгийн газрыг ѳндѳр мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдүүлэх нѳхцѳл болж ѳгдѳг.Тиймээс АНУ-ын ерѳнхийлѳгч нар засаг захиргаагаа байгуулахдаа улс тѳрчдѳѳс гадна тѳрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид зэрэг тѳрѳл бүрийн хүмүүсийг томилох нь түгээмэл байдаг. Нэгэнт мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууныг тэргүүнд авч үздэг учир ѳѳр намын хүмүүсийг ч томилох нь цѳѳнгүй байдаг.Ерѳнхийлѳгчийн засаглал нь парламентын засаглал шиг намын засаглал биш учир эрх баригч болон сѳрѳг хүчин гэсэн хуваагдал байдаггүй учир ерѳнхийлѳгч нь ѳѳр намын хүнийг засгийн газрын гишүүнээр томилох боломжтой байдаг. Ер нь ерѳнхийлѳгчийн засаглал нь намын засаглал биш учир засаг захиргааны албан тушаалд томилох хамгийн тэргүүний шалгуур нь мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахуун байдаг учир улс тѳрч бус, болон ѳѳр намын хүмүүст нээлттэй байдгаараа парламентын системтэй харьцуулбал илүү меритийн шинжтэй, илүү нийт үндэсний шинжтэй тѳдийгүй чадварлаг засаг захиргааг бүрдүүлдэг юм. Тиймээс "Давхар дээлийг тайл!”, "Мэргэжлийн засгийн газар байгуулъя!”, "УИХ сайд нарын томилгоогоор барьцаалан Засгийн газрын ажилд хутгалдах”-ыг таслан зогсоох зэрэг шүүмж, шаардлагууд нь гүйцэтгэх засаглалыг чухам ийм байхыг л хүсэж байгаагийн илрэл юм.
Нѳгѳѳ талаар ерѳнхийлѳгч нь конгрессын баталсан хуульд хориг тавих замаар хууль тогтоох засаглалын хэтэрхий ноёрхол тогтохоос хазаарлан сэргийлдэг юм. Ерѳнхийлѳгчийн тавьсан хоригийг конгрессын хоёр танхим хоёулаа тус тусдаа гуравны хоёроор эсэргүүцэж байж цуцлах ёстой бѳгѳѳд АНУ-ын ерѳнхийлѳгч нар нийтдээ 2564 хориг тавьсны дѳнгѳж 110-ыг нь л конгресс цуцалсан байдаг учир ерѳнхийлѳгчийн хориг ихээхэн хүчирхэг эрх мэдэл билээ.
Шүүмж ба түүний хариу
Ийнхүү хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд бие даасан, харилцан бие биенээсээ хараат бус институцүүд болсноор хууль тогтоох, гүйцэтгэх засаглалууд нь харилцан "эсрэгцсэн”, харилцан бие биенээ хянадаг, хазаарладаг, тэнцвэржүүлдэг институцүүд болж хувирдаг.Тийм ч учир ерѳнхийлѳгчийн засаглалыг шүүмжлэгчид ерѳнхийлѳгчийн засаглал нь парламентын буюу ерѳнхий сайдын засаглалыг бодвол хүч муутай засгийн газрыг бий болгодог, ерѳнхийлѳгч, парламент хоёр харилцан бие биенээ хазаарлаж, чѳдѳрлѳѳд харилцан бие биенийхээ хүчийг сулруулдаг гэж шүүмжилдэг.Мѳн ерѳнхийлѳгч, парламентын олонх хоёр ѳрсѳлдѳгч улс тѳрийн хүчний мэдэлд байгаа нѳхцѳлд гацаа, түгжээ үүсгэдэг гэж ч шүүмжилдэг.Тѳрийн институцүүд нэг нэгнийгээ хазаарлана гэдэг нь нэг нэгнийхээ хүчийг сулруулах гэхээс илүү нэг нь бусдыгаа давамгайлах, улмаар тѳрийн эрх мэдлийг нэг институц, нэг субъектийн гарт тѳвлѳрүүлэхээс л сэргийлж байгаа хэрэг.Мэдээж бүх эрх мэдлийг кабинетын гарт тѳвлѳрүүлдэг парламентын засаглалтай харьцуулбал, ерѳнхийлѳгч хэзээ ч парламентаа "ёсчлогч” болгож чаддаггүй учир парламентын кабинеттай харьцуулбал ерѳнхийлѳгчийн кабинет хүчтэй биш.Гэвч засаглалыг хуваах зарчмын зорилго нь хүчтэй тѳр бус харин хүний эрх эрх чѳлѳѳг тогтвортой хамгаалдаг, хуулийн засаглал тогтоодог эрх зүйт тѳрийг байгуулах явдал.Нѳгѳѳ талаар гацаа, түгжээ бүхэн муу үр дагавар гэсэн хэрэг биш, энэ нь оршин байгаа байдлыг хэвээр нь үлдээнэ л гэсэн хэрэг.Нѳгѳѳ талд ѳѳрчлѳлт болгон дандаа сайн зүйл биш гэдэг нь ойлгомжтой.Дутуу дулимаг бодож, тѳлѳвлѳсѳн, улс тѳр, эдийн засгийн түр зуурын нѳхцѳл байдлаас улбаатай харалган ѳѳрчлѳлтүүд хийгдэх явдал парламентын дэглэмүүдэд түгээмэл байдаг.
Гүйцэтгэх эрх мэдэл ард түмнээс шууд, тогтмол хугацаагаар сонгогддог, тиймээс парламентын, намын, улс тѳрийн бусад лидерүүдийн дэмжих, эсэхээс хараат бус бѳгѳѳд хууль зѳрчсѳн нь импийчментээр тогтоогдохоос бусад тохиолдолд огцруулах боломжгүй субъект болох ерѳнхийлѳгчид, ѳѳрѳѳр хэлбэл, улс тѳрийн намд биш нэг хүний эрх мэдэл, хариуцлагад очдог учир судлаачид ерѳнхийлѳгчийн засаглалыг 1) нэг хүний авторитари дэглэм үүсгэх магадлалтай, 2) ажил үүрэгтээ үл тэнцэх, чадваргүй ерѳнхийлѳгчийг солиход бэрх гэж үздэг бѳгѳѳд манай улс тѳрчдийн дунд ч ийм болгоомжлол түгээмэл байдаг. Гэвч ѳнѳѳдѳр АНУ-ын ерѳнхийлѳгчийн сонгууль шиг мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны ѳндѳр сорил, сонголт хаана ч байхгүй.Ерѳнхийлѳгч намаасаа нэр дэвшихийн тулд сунгаа буюу урьдчилсан сонгууль (primary) улмаар ерѳнхийлѳгч болохын тулд ерѳнхийлѳгчийн сонгуульд ялалт байгуулах хэрэгтэй байдаг.Ийм давхар давхар сонгуульд ажил үүрэгтээ үл тэнцэх, чадваргүй хэн нэгэн ялалт байгуулах боломжгүйн дээр, ерѳнхийлѳгчийн кабинет нь мэдлэг, чадвар, туршлага, ёс суртахууны шалгуурыг давсан хүмүүсээс бүрэлддэг учир ажил үүрэгтээ үл тэнцэх ерѳнхийлѳгч сонгогдох тухай шүүмжлэл нь тун үндэс муутай юм.Харин ч парламентын системд засгийн газрын тэргүүнийг тодруулахад ард түмэн-сонгогчдын оролцоо байхгүй учир хэрэг дээрээ намын (фракцын) хүчирхэг боссууд харилцан бие биенээ хүлээн зѳвшѳѳрч чадахгүйн улмаас хѳшигний ард хуйвалдаж хэн хэнийхээ эрх ашигт хал багатай дундыг барьсан сулхан этгээдийг ерѳнхий сайдаар тавих нь түгээмэл байдаг билээ.
Түүнчлэн авторитарийн дэглэмийн тухай болгоомжлол нь ч үндэс муутай.Учир нь 1) засаглалыг хуваах зарчмын улмаас ерѳнхийлѳгч хууль тогтоох, болон шүүх засаглалд хяналтаа тогтоох боломжгүйн дээр 2) засаглалыг харилцан хазаарлан, тэнцвэржүүлэх механизмын улмаас ерѳнхийлѳгчийн кабинетын томилгооноос эхлээд гүйцэтгэх засаглалын аливаа үйл ажиллагаа нь парламент, дээд шүүх хоёрын хараа, хяналт дор явагддаг.Харин ч парламентын тогтолцоо нь эрх мэдлийг тѳвлѳрүүлдэг тѳдийгүй, нэг хүчин, нэг субъектийн гарт ѳгдѳг учир авторитари дэглэм үүсгэх магадлал ѳндѳртэй.Гэхдээ гүйцэтгэх засаглалын тэргүүнийг нь ерѳнхийлѳгч гэж нэрлэдэг засаглалын систем болгон ерѳнхийлѳгчийн засаглал биш гэдгийг ойлгох хэрэгтэй.Ерѳнхийлѳгч нэртэй янз бүрийн түүний дотор диктаторын засаглалууд ч байдаг гэдгийг үгүйсгэхгүй. Мэдээж парламентын нэртэй диктаторын засаглалууд ч зѳндѳѳ байсан бѳгѳѳд 20-иод жилийн ѳмнѳх Монголын дэглэм ч энэ тѳрлийн дэглэм байсан билээ. Ерѳнхийлѳгчийн засаглал гэж хуулийн засаглал, тѳрийн эрх мэдлийг хязгаарлах, салгах, харилцан хазаарлах, тэнцвэржүүлэх зарчмуудын шаардлагуудыг биелүүлсэн, тийм зарчмуудын биелэл болсон АНУ-ын засаглал шиг л тогтолцоог ойлгож байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй.
Дүгнэлт: Сонголт
Уншигч та энэ хүртэл уншсан бол парламентын болон ерѳнхийлѳгчийн засаглал, улмаар Монголд оршиж байгаа дэглэмийн мѳн чанарын талаар тодорхой ойлголттой болсон болов уу гэж найдаж байна. Улмаар Монголын олон нийтийн, түүний дотор ялангуяа УИХ-ын гишүүд, Монгол улсын Ерѳнхийлѳгч, УИХ-ын дарга, Ерѳнхий сайд, нийгэм улс тѳрийн бусад зүтгэлтнүүд, судлаачдын хүсээд, шаардаад байгаа зүйл, зарчим, шаардлагууд нь парламентын буюу Монголд эдүгээ оршиж байгаа дэглэмийн үед хэрэгжих боломжгүй юм байна гэдгийг анзаарсан байх гэж найдаж байна.
Түүгээр ч барахгүй засгийн газрын гишүүдийг томилох эрхийг ерѳнхий сайдад шилжүүлэх, ерѳнхийлѳгчийг УИХ-аас сонгодог болгох, тэр ч байтугай ерѳнхий сайдад парламентыг тараах эрх ѳгѳх зэргээр "парламентын засаглалаа улам тѳгѳлдѳржүүлэх” нь кабинетын гарт эрх мэдлийг улам бүр тѳвлѳрүүлэхээс бус засгийн газрын тогтвортой байдлыг сайжруулахгүй харин ч нэмээд УИХ байнга тардаг болох юм байна гэдгийг ойлгож байгаа байх. Нѳгѳѳ талаар кабинетын эрх мэдлийг нэмэгдүүлснээр парламент улам бүр "ёсчлогч” болж, засгийн газраа хянах, түүнтэй хариуцлага тооцох тухай асуудал улам бүр хомстох юм байна гэдэг ч илэрхий байгаа байх. Улмаар Ерѳнхийлѳгчийг УИХ-аас сонгодог болбол УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг багахан ч гэсэн "хазаарлаж, тэнцвэржүүлж” байгаа сүүлчийн институц алга болж Засгийн газар, УИХ юу хүссэнээ хуульчлах болно гэдгийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй. Тийм нѳхцѳлд ѳнгѳрсѳн хавар шуугиан тарьсан газрын, эсвэл эдийн засгийн ѳршѳѳлийн тухай зэрэг маргаантай хууль, тогтоомжуудад хориг тавих институцгүй болно, тэгснээрээ дор хаяхад парламент хориг тавигдсан хууль, тогтоомжийг дахин авч хэлэлцэхэд ядахдаа цѳѳнх хүртэл шийдвэрлэх байр суурьтай оролцох боломж ч устах болно гэдгийг гүн гүнзгий ухамсарлах хэрэгтэй.
Харин түүний оронд чухам яагаад улс орны улс тѳр, засаг захиргаа, эдийн засгийн амьдралыг ѳдѳр тутам удирддаг гүйцэтгэх засаглалын тэргүүнээ Монголын ард түмэн ѳѳрсдѳѳ шууд сонгож болдоггүй юм бэ гэж асуух хэрэгтэй бус уу. Тэр тусмаа ѳнгѳрсѳн хориод жилд 4 ерѳнхийлѳгчийг сонгоод, ажиллуулаад болоод ирсэн ард түмэн яагаад гүйцэтгэх засаглалын тэргүүнээ ѳѳрсдѳѳ шууд сонгож болохгүй гэж? Хэрвээ ард түмний сонгосон ерѳнхийлѳгчид гүйцэтгэх засаглалаа тэргүүлж байсан бол эрх мэдлийн тѳлѳѳ байнга улайран тэмцэлддэг намын хэдэн боссуудын тэмцлийн тѳлѳѳ Монгол улс 14 дэх ерѳнхий сайдаа томилох гээд "хэрэлдээд” сууж байх байсан уу? Энэ бүхэн ард түмэн, татвар тѳлѳгчдийн мѳнгѳѳр санхүүжүүлэгдэж, улс орны хѳгжлийг хойш татдаггүй бус уу?Үнэхээр л ардчилсан засаг байгуулах санаатай юм бол яагаад ард түмэнд гүйцэтгэх засгаа сонгон байгуулах эрхийг нь ѳгѳхгүй байгаа юм бэ гэж асуух хэрэгтэй бус уу.
Үнэхээр л "намын дээр тѳр байх” ёстой бол, үнэхээр л УИХ нь Засгийн газраа хянаж, шалгаж, шахаж ажилладаг байхыг хүсэж байгаа бол, үнэхээр л "Засгийн газар УИХ-ынхаа дээр гарч суучхаад байгааг” тэвчихгүй байгаа бол, үнэхээр л тогтвортой гүйцэтгэх засаглалыг хүсэж байгаа бол, үнэхээр л мэдлэгтэй, чадвартай, туршлагатай, ёс суртахуунтай хүмүүсээс бүрдсэн чадварлаг "мэргэжлийн засгийн газар” байгуулахыг хүсэж байгаа бол парламентын засаглалаа тѳгѳлдѳржүүлнэ гэхээ болих хэрэгтэй нь илэрхий бус уу. Юу ярьж байгаагаа мэддэггүй хэрэг үү эсвэл гоё ярьж ард түмнийг мэхлэхийг оролддог хэрэг үү?Хэн ер нь Монголын ард түмэнд гүйцэтгэх засгийн тэргүүнээ ѳѳрсдѳѳ шууд сонгох эрхийг ѳгѳхийг хүсэхгүй байна вэ?Хэн энэ эрхийг зѳвхѳн ѳѳрсддѳѳ хадгалахыг хүсэж байна вэ?Хэн Монголд парламентын засаглал байх ёстой гэж зүтгэж байна вэ?Хэн ѳнѳѳдѳр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хэрхэн, яаж тодруулж байгаа билээ?Уншигч та энэ асуултуудад хариулаад үз.Тэгээд дараа нь хэн гүйцэтгэх засаглалын тэргүүн байхыг яагаадби, бид, бидний Монголын ард түмэн бус харин намын цѳѳхѳн эрх мэдэлтнүүдшийддэг байх ёстой юм бэ гэж асуугаад үз. Тэгээд сонголтоо хий!
Др. Л.Мѳнх-Эрдэнэ