| |
Буудалд хаягдсан хүүгийн аавын сураг гарсан бөгөөд ээжийг нь олоогүй байна
Өнгөрсөн сарын 27-нд Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Хайрхан” зочид буудалд нэгэн эмэгтэй гурван настай хүүгээ орхиод явсан хэрэг гарчээ. Хүүгийн ээж "Би ойрхон дэлгүүр орчихоод ирье. Хүүг маань харж байгаарай” гэж тус буудлын ажилтнуудад хэлчихээд явсан ч хоёр хоног эргэж ирээгүй байна.
Буудлынхан эмэгтэйг ирнэ, хүүгээ авах байх гэж хоёр өдөр хүлээгээд, эцэст нь цагдаагийн газарт хандсан байна. Ингээд хүүг арваннэгдүгээр сарын 29-ний шөнө дунд Хан-Уул дүүрэгт байрлах Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Түр хамгаалах төвд авчирчээ. Уржигдар буюу энэ сарын 3-ны өдөр хүүг журмын дагуу тус төвийнхөн Сонгинохайрхан дүүргийн Гэр бүлийн хөгжлийн төвд шилжүүлсэн байна.
Хүү тэдэнд "Ээж бид хоёр гэрт амьдардаг. Аав Зүүнхараад байдаг. Миний дүү ээжийн гэдсэнд байгаа. Ээж маань архи уучихаад байдаг. Би ээжийгээ санаж байна. Намайг ирж ав гэж хэлээд өгөөрэй. Ээжид гар утас байхгүй. Ээжийг Цэцгээ гэдэг. Саппорогийн Батаагаас асуувал мэднэ” хэмээн ярьсан гэнэ. Хүүгийн ээж одоог хүртэл сураггүй байсаар байна.
Нийслэлийн цагдаагийн газрын харъяа Түр хамгаалах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Аюурзана "Зочид буудалд хүүхдээ орхисон анхны тохиолдол нь энэ болж байна. "Хайрхан” зочид буудлын ажилтнуудад талархах хэрэгтэй. Хэрвээ тэдний оронд муу хүмүүс байсан бол яана. Энэ хүйтэн сэрүүн үед гудамжинд хөөгөөд гаргачихсан бол яах юм бэ. Ямар ч байсан сайхан сэтгэл гаргаж, хоёр хоног дэргэдээ байлгаад, эцэст нь иргэн хүнийхээ үүргийг биелүүлж цагдаагийн газарт хандсан байна” хэмээжээ.
Буудалд хаягдсан хүүгийн аавын сураг гарсан бөгөөд ээжийг нь хайж буй юм байна. Ямартаа ч аав нь хүүгээ авах талаар ярилцжээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 117-д Хүүхэд хаях, төөрүүлэх гэсэн зүйл заалт бий. Тодруулбал "117.1-д Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээ хаясан, төөрүүлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 251-300 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” хэмээн заажээ. Хүүхдээ буудалд орхисон эмэгтэй олдвол энэхүү хариуцлагыг хүлээнэ.