![]() |
Их дүйчин өдөрт анхаарах бус эдийн засгийн хүчирхийлэгчдийг “намна”
"Дэлхийн улсуудын 78 хувь нь шашин шүтдэг юм билээ. Тэгэхэлээр Монголчууд ч гэсэн дуурайхгүй бол бас болохгүй нь. Гэхдээ бид чинь буддын шашин шүтдэг. Монголчуудын 70 орчим хувь нь буддагаа шүтдэг болохоор заавал нэг өдөр амрах ёстой. Энэ өдөр бурхан шашнаа шүтэж зул өргөж, хүж асаагаад, цагаан будаандаа үзэм хийгээд "Бресс” гэгчээ идэж махан хоол идэлгүй мацаг барьж, гандан хийдээр орж, сунаж мөргөдөггүй юмаа гэхэд хүрд эргүүлээд, 1 өдөр сайхан сэтгэлээ ариусгачих хэрэгтэй. Өөр шашинтайнууд нь яах нь маньд ямар хамаатай юм. Есүс, Лал, Христ шүтдэг хүмүүс бол ажлаа хийгээд л чардайгаад явж байвал таарна” гэх өнгө аястай нэг асуудал нэлээд хэл ам дагуулж байна шүү.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол уг хуулийн төслийг санаачилж Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт оруулахаар зүтгүүлсэн. Бурхан багшийн их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15 гэх өдөр бултаараа дээр өгүүлснээр амарч байх юм гэнэ.
Түүнийг нь С.Бямбацогт гишүүн шуурхай дэмжиж "Дэлхийн улс орнуудтай харьцуулвал бид харин ч бага амардаг. Жилдээ баяр ёслолоор ердөө л 14 хоног амардаг” гэж ирээд л хусмаа чамласан хүүхэд аятай байв. Харин олон нийт үүнийг яаж хүлээж авч байгаа нь тэдэнд огт хамаагүй бололтой.
"Бурхан багшийн дүйчин өдөр жилдээ 2 болдог. Тэгэхлээр амралт бас 2 болно гэсэн үг үү. Бурхан багшийн мэндэлсэн өдрийг "Их дүйчин өдөр” гэдэг гэсэн гэж нэг хэсэг нь ярьж байхад нөгөө хэсэг нь "Талийсан өдрийг нь хэлдэг юм гэсэн” гэхэд гурав дахь хэсэг нь "Мэндэлсэн, буцсан өдөр нь давхцахыг хэлдэг юм” гэх зэргээр багагүй сэц булаацалдах аж.
Эндээс харахад иргэд олон нийтийн санаа сэтгэл, ойлголт хэр зэрэг байгааг бодолцох, хүний эрхийг хүндэтгэх гээд харах зүйл уг нь байнаа, байна.
Бурхан шашинтны төвүүд эл асуудлыг дэлгэж чухалчилж үзээгүй байхад аргаа барахдаа аавынхаа толгойг илэв гэчээр хийх юмаа олж ядсан аятай ийм зүйл дээр цаг зав гарздаж байгааг нь харахад харамсмаар.
Уг нь эмэгтэй хүний нүдээр нийгмийг харж, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд зориулсан ч юм уу, нөхөр нь өөр амьдрал зохиочихоод үр хүүхэддээ талхны мөнгө өгөхгүй, өлсгөж, нулимсыг нь үзэж байгаа, өмнөх гэрлэлтээ цуцлуулж хүүхдийн тэтгэвэр өгчих нүнжиггүй, эдийн засгийн хүчирхийлэл үйлдэж байгаа эр, нөхөр, аавуудад хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг Гэр бүлийн тухай хуульд нэмэлтээр оруулсан бол жинхэнэ нүдээ олсон, эрэлттэй чухал асуудал байх байлаа.
Парламентад цөөхөн эмэгтэйчүүд сонгогдон сууж байхдаа эмэгтэй хүний торгон мэдрэмж, хатан ухааныг илт үзүүлсэн олон асуудлуудыг гарган тавьж байсан. Гэтэл олуулаа болох тусмаа эх хүний, эмэгтэй хүний мэдрэмж, сэтгэлийн нүд энэ тэр нь яахаараа аньчихдаг байна аа.
Уг нь та өнгөрөгч 5-р сард "гэр бүлийн хөгжлийн яам”-тай болъё гэж овоо зөв дуугарсан л даа. Гэхдээ журмын нөхөд чинь үүнийг нэг их ойшоогоогүй болохоор тэгсхийгээд нам жим болсон. Харин та тууштай тэмцэж гэр бүлийн асуудалаа л байриад байх байж дээ. Тэнр үед хүүхэд хүшчирхийлэлд өртөж байгнаа тухай хэлж байсан. Тэгвэл цааш нь ахиулаад харсан бол хүүхэд, эмэгтэйчүүд эдийн засгийн хүчирхийлэлд өртөж байгааг олж харах байлаа, гишүүн ээ.
