|
Видео

Шинэ мэдээ

Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг уриалав

Эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг уриалав

 


Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд дэд сайд Л.Бямбасүрэн, Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа нар оролцож үүсээд буй нөхцөл байдалд хариу тайлбар өгч, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй ажиллаж буй эмч эмнэлгийн ажилчдын нөр их хөдөлмөрийг улс төртэй хольж хутган,  ажил цалгардуулахгүй байхыг хүсэв.

Мөн энэ үеэр  салбарт хийж буй томоохон ажлуудаас онцлон танилцуулсан юм. Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэл өгч, бодлогын түвшинд хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулсан юм. Тэрбээр, "Ардчилсан намын бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа гэж хүнээс шаардлага ирүүлсэн байгаа. Хэд хэдэн асуудал дурдсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгээр насны ангиллаар 5 бүлэгт хуваан үзлэг хийж байна. Эх хүүхдийг хамгаалах чиглэлээр "Эх хүүхэд нөхөн үржихүйн” хөтөлбөр хэрэгжүүлж байна. Эх хүүхдийн эндэгдэл жилээс жилд буурч байгаа. Алсалсан аймаг сум багт эрүүл мэндийн үйлчилгээ хүрч байна. Мөн мобайл үйлчилгээг нэвтрүүлсэн. Иргэдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор Эм эмнэлгийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ хууль батлагдснаар эмийн зохиостой хэрэглээ бүрдэнэ. Иргэдийн чирэгдлийг багасгах үүднээс цахим эрүүл мэнд төслийг хэрэгжүүлж, өнөөдрийн байдлаар 48 эмнэлэг орчин үеийн цахим хангамжийг нэвтрүүлсэн. Ингэснээр цахим товлолт, цаг авах боломж нээгдээд байна. Мөн иргэдэд тусламж цахим жорыг нэвтрүүлсэн. Олон улсын жишиг суурилсан оношилгоо эмчилгээний төв Хоёрдугаар эмнэлгийн хажууд баригдаж байгаа. Монголд эмчлэх боломжгүй 39 өвчин байснаас 26 болсон. Гадаадад их өндөр үнэ өртөгтэй хийлгэдэг байсан эмчилгээг эх оронд нь хийдэг боллоо. Мөн эрхтэн шилжүүлэх мэс заслын үнийг улсаас даадаг болсон. Өнөөдөр ЭМЯ-ны гадна 20 орчим иргэн оролцсон жагсаал боллоо. Энэ жагсаалыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж байгаа ч энэ салбарынхны хөдөлмөрийг дайрсан зүйл боллоо. Энэ бол илт улстөржсөн үйлдэл. Жагсаалыг зохион байгуулсан хүн нь энэ салбарын дэд сайдаар ажиллаж байсан учраас энэ асуудлыг ойлгох ёстой гэж бодож байна. Тухайн үед энэ хүн дэд сайдаар ажиллаж байхдаа сүрьеэгийн талаар эрчимтэй арга хэмжээ авсан бол өнөөдөр ийм байдал үүсэх байсан уу. Сүрьеэгийн чиглэлийн эмч нар зөвлөгөөн зохион байгуулаад тухайн үеийн дэд сайд Ж.Амарсанаад хүртэл хандаж байсан юм билээ. Энэ үед анхаарлаа хандуулах боломжтой байсан юм. Харин ч бид орон даяар үзлэг зохион байгуулсны эцэст эрт илрүүлж байна. Сүрьеэ өвчнөөр өвдсөн хүнийг эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах, хавьтлыг илрүүлж шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. Эрчимтэй ажиллаж байна” гэв

Т.Энхзаяа: Өнгөрсөн 2018-2019 онд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шинэ шатанд гарсан гэж хэлж болно. Эрүүл мэндийн боловсролыг Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт оруулах ажил бүрмөсөн зогссон байсан. Үүнийг 2018 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт оруулж байгаа. Мөн 2018 оноос эхлэн анх удаа орон даяар 18-аас дээш насны иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан. Нийт 86 мянган хүнийг хамруулсан. Үүнээс өөрчлөлтэй өвчлөлтэй 200 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Монгол Улсад өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт гараагүй байна. Өнөөдөр бид урьдчилан сэргийлэх арга хэмжээ сайн авч, дархлаажуулалт сайн хийсний үр дүн юм. Сүрьеэ өвчнөөр хэн ч өвдөж болно. Энэ бол эдгэрдэг өвчин. Хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар битгий улстөржүүлээч ээ. Ингэснээр нийгэмд хүүхдийн ялгаварлан гадуурхалтыг маш их дэврээж байна. Бид хүүхдүүдийнхээ ирээдүйг бас бодох хэрэгтэй. Энэ бол өвчин болохоос улстөрийн сэдэв биш. Эцэг, эхчүүдийн хувьд эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллахыг хүсч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын улс орнуудад өгсөн зөвлөмж, Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр, манай улсын сүрьеэгийн мэргэжлийн салбар зөвлөл дүгнэлтээ гаргаад энэ жил ЕБС-иудад сүрьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулах ажил хийсэн. Энэ бол нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ. Сүрьеэгийн өвчлөл одоо гэнэт гараад байгаа юм биш. Эрүүл мэндийн яамны дэд сайд байсан Ж.Амарсанаагийн үед ч гэсэн гарч л байсан. Тэгэхээр бид нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээгээ аваад ажлаа хийж байна. Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд гарсан сүрьеэгийн өвчлөл урьдчилан сэргийлэх эмчилгээг дүүргийн эрүүл мэндийн төв болон нийслэлийн Эрүүл мэндийн газар хариуцан ажиллаж байна. Мөн Төв аймагт гарсан сүрьеэгийн өвчлөлийн асуудлыг орон нутгийн эрүүл мэндийн газар шуурхай арга хэмжээ авч, мэргэжлийн багтай хамтран бүх хүүхэд эмчилгээнд хамрагдаад байна.Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дэээр сүрьеэгийн илрүүлэг үзлэг зохион байгуулахад эмчилгээнд хамрагдах нэг ч хүүхэд, багш гараагүй. Цаашид сүрьеэ өвчнийг эрт илрүүлж оношилно.

Р.Оюунханд: ЭМЯ бодлогын хүрээнд эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийж ажилладаг. Тэр ч утгаараа өнөөдөр сүрьеэгийн өвчлөлийг илрүүлэхээр эрчимтэй ажиллаж байна. Амьсгалын замаар халдварладаг өвчин учраас бид өөрсдөө эрт илрүүлтэд идэвхтэй хамрагдах ёстой. Хийж байгаа үйл ажиллагааг буруутгаад байгаа юм. Хийхгүй байвал ямар үр дүн гарахыг та бүхэн мэдэх үү. Буруу зөрүү ойлголт түгээхгүй байхыг хүсье.

Я.Амаржаргал: Засгийн газраас хүн амын дундах элэгний В, С вирусын голомтыг 2020 он гэхэд устгаж, халдвар тархалтыг таслан зогсоохоор ажиллаж байгаагийн үр дүнд 2018 онд 413553 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусийн ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусийн эсрэг  эмчилгээнд хамрагдсан. Элэгний В,С вирусын эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж авч байгаа. Ер нь бол урьд нь хэрэгжүүлж байгаагүй арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр халдвар болон янз бүрийн өвчин илэрдэг. Гэтэл Эрүүл мэндийн салбар болохоо байлаа гэж шүүмжлэх юм. Хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч гарч байгааг мэдэх үү. Эрүүл мэндийн салбарынхан өдөр шөнөгүй цаг наргүй цалин хөлс багатай ажиллаж байна. Гэтэл дайрч давшлаад байх юм. Тиймээс эрүүл мэндийн салбарыг улстөржүүлэхгүй байхыг хүсье. Эрүүл мэндийн салбараар оролдохоо болъё гэж уриалж байна.

 

М.Батчимэг

montsame.mn 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler