|
Видео

Шинэ мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөөр байна

 


ХЭҮК хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод судалгаа хийсэн байна. НҮБ-ын Хүн амын сангийн санал, дэмжлэгтэйгээр Орхон, Булган, Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт, Монголын Тэргэнцэртэй иргэдийн Үндэсний холбоо төрийн бус байгууллагатай хамтран хийсэн уг судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэй хамруулжээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийн 42 хувь нь тулгуур эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын бэрхшээлтэй, 17 хувь нь оюуны,10 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй байв. Судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийт оролцогчдын 90 хувийнх нь гэр бүлийн сарын орлого хэрэгцээнд хүрэлцдэггүй учир хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд тэтгэвэр, тэтгэмжийнхээ 84.5 хувийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байна.

Дээрх эмэгтэйчүүдийн 40.2 хувь нь гэрлэсэн, 24.7 хувь нь ганц бие, 8.1 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан, 5.5 хувь нь хамтран амьдрагчтай гэж хариулсан бол 88.6 хувь нь ам бүлийн тоо 1-2 гэжээ. Мөн нийт оролцогчдын 32.8 хувь нь боловсролын түвшин доогуур буюу уншиж, бичиж чаддаггүй бол ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 33 хувь байна. Тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн, бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий, бусдаас хэт хараат болгож байгааг судалгааны дүн харуулж байна.

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрх олон талаар зөрчигдөж байгааг дээрх судалгаа харуулжээ. Тухайлбал, иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетад тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон хүртээмжтэй үзлэгийн ор, харааны болон сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч, орчуулагч байдаггүй. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул дээрх эмэгтэйчүүд ямар төрлийн үйлчилгээг илүү авдаг, жилд хэдэн эмэгтэй үйлчилгээнд хамрагдаж буй талаар тоон мэдээлэл улсын хэмжээнд гардаггүй байна. Энэ төрлийн судалгаа, тоо баримт байхгүй тул тухайн асуудлаар бодлого, төлөвлөлт хийдэггүй, улмаар тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаггүй ажээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил бие даан амьдарч, нийгмийн амьдралд оролцох хүсэлтэй байдаг ч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, гэр бүлтэй болох, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагаас үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээр бүрэн хангагдах боломж, нөхцөл хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь нийгмийн олон хүчин зүйлээс хамааралтай ч нийгэм дэх буруу хандлага ихээхэн нөлөөлдгийг судлаачид онцолжээ.

Тухайлбал, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийн үйлчилгээг хүргэхдээ гэр бүлийнхэнд нь даатгах, тэднийг асран хамгаалагчид мөнгөн тэтгэмж олгох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, бие даан амьдрах, гэр бүлтэй болох, бэлгийн хамтрагчтай байх, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх эрхээ эдлэхэд гэр бүлийн гишүүд хөндлөнгөөс нөлөөлөх тохиолдол их байдаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангах нь төрийн үүрэг тул тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагатай байна гэж үзсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж буй "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д уг асуудлыг бүлэг болгон хөндөж, тодорхой шийдвэр гаргуулахаар санал хүргүүлээд байгаа юм. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler