| |
Ерөнхий сайд Хэнтийн тойрогт төрийн хөрөнгөөр “бороо оруулж” сурталчилгаагаа эхэллээ
УИХ-ын 42 дугаар тойрог буюу Д.Гантулгын онгойлгож үлдээсэн Хэнтийн тойрогт 2019 оны зургадугаар сарын 30-ны өдөр нөхөн сонгууль явагдана.
Энэ сонгуульд 11 нам оролцохоор СЕХ-ноос батламжаа авч, тус хорооныхон сонгууль явуулах бэлтгэл хангаад эхэлчихсэн.
Харин энэ цаг мөчид Ерөнхий сайд У.Хүрэлсүх төр засгийн маш өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хэнтий аймагт ажиллаж байна.
Тэрээр өнгөрсөн ням гаригаас эхлээд бараг долоо хоног тус аймагт ажиллана.
Ерөнхий сайдын энэ удаагийн томилолт удахгүй болох УИХ-ын нөхөн сонгуульд зориулагдлаа гэж үзэх хүн олон байна. Учир нь тэрээр МАН-аас нэр дэвших магадлалтай байгаа.
Гэтэл тэрээр очсон газар бүртээ эмнэлгийн фургон машин бэлэглэж, сургууль цэцэрлэгийн барилга барина гэж амлав. Ялангуяа УИХ-ын 42 дугаар тойрогт хамаарах Хэрлэн, Жаргалтхаан, Мөрөн сумдад илүү их хөрөнгө хүч хаясан байгаа юм.
Тиймээс Ерөнхий сайд Хэнтийн тойрогт төрийн хөрөнгөөр "бороо оруулж” сурталчилгаагаа эхэллээ гэхэд болохоор байгаа юм.
Энэ нь Сонгуулийн хуулийн зөрчил болохыг хуульчид яриад эхэллээ.
Эх сурвалж: www.polit.mn