|
Видео

Шинэ мэдээ

6 настнууд сургуульд элсдэгийг болиулж магадгүй

Ихэнх орны хүүхдүүд 6 насандаа сургуульд элсдэг гэх боловч, үнэн хэрэгтээ сургуулийн нас нь улс орнуудад, тэдгээрийн дотор бидний хөгжингүй гэж магтдаг оруудад ч харилцан адилгүй ажээ. Жишээ нь, Англид хүүхдүүд нь 4 наснаас сургуульд явж болдог бол Финляндад бага сургуульд элсэх нас зөвхөн 7-8, харин дэлхийн хамгийн сайхан орны нэг гэгдэх Швейцарьт 7 байх юм.

2008 онд Монголд сургуульд элсэх нас 7-8 байсныг 6 болгосон юм. Тухайн үед эрх баригчдын хэлснээр, энэ нь боловсролын "лут том” шинэчлэл байв.

Шинэчлэлийг сайжруулахын тулд хийх учиртай хэдий ч, сүүлийн үед Монголын боловсрол сайжирч, цэгцэрсэн үү гэх асуулт улам хурцаар тавигдсан төдийгүй, шинэчлэлийн гэх шийдвэрүүд нь ихээхэн маргаан, шүүмжлэл дагуулах болсон юм.

Ингэхэд, Монгол хүүхдийг 6 наснаас сургуульд явуулах нь ерөөсөө "манай боловсролын шинэчлэл” мөн үү? Ер нь, бидэнд хүүхдийнхээ насаар оролдохоос өөр хийх зүйл байгаагүй юм гэж үү?

Өнөөдөр "Кэмбриж”, "Зөв монгол хүүхэд” гэх мэт сүржин нэртэй "шинэчлэл” явуулж байгаа гэх боловч, "боловсролын бодлого”-оо зөв болгох, алдааг засах тухай төдийлөн ярьсангүй. Ялангуяа, боловсролын хэргийг гардан явуулах ёстой засгийн газар, боловсролын яам нь үүнд санаа зовсон шинж огт алга.

Гэвч, эрх барих дээд байгууллага УИХ нь боловсролын бодлогыг сайжруулах, алдааг нь засах асуудал, боловсролын системийн гажуудал, завхралд аргагүйн эрхэнд анхаарал хандуулж магадгүй гэх мэдээ дуулдлаа. УИХ-ын хэсэг гишүүн 6 настай Монгол хүүхдүүд, ялангуяа хөдөөд энэ насны хүүхдүүдийг сургуульд явуулсан нь буруу шийдвэр гэдэг дээр санал нэгдсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

Сүүлийн үед дээрх мэдээлэл ортой байж болох зүйлийг УИХ-ын гишүүд хөндөн ярих болжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл боловсролын салбарт дээрх асуудал тулгамдаад буйг сануулж, хүүхдүүдийг 7-8 насанд сургуульд явуулах талаар анхаарч үзэхийг сануулж байгаа юм.  

Энэ сарын 28-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гурван асуудал хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус тусын байнгын хороонд шилжүүлсний дотор "Хүн амын хөгжлийн бодлого” нэртэй баримт бичиг байгаа юм. Энэ баримт бичгийг хэлэлцэхэд хөндөгдсөн нэг чухал сэдэв нь монгол залуус, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа, боловсрол байв.   

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдөр хот, хөдөөгийн ялгаа эрс нэмэгдэж байна. Цаашдаа ч нэмэгдэх төлөвтэй байна. Үүнийг дагаад хот, хөдөөд амьдарч байгаа иргэдийн амьдралын ялгаа улам алсарсаар байна. Улаанбаатар хотод хүн ам хэт төвлөрч боловсрол, эрүүл мэнд, соёл, бусад төрийн үйлчилгээний чанар хүртээмж буурсаар байна. ...Монгол Улсын иргэн бүр адил тэгш нөхцөлд ажиллаж, амьдрах боломжийг бий болгох үүргийг Монголын төр хүлээдэг. ...Хот, хөдөөгийн иргэдийн амьдралын ялгааг багасгах, хөдөөгийн иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх чиглэлд яг юу хийх юм бэ” гэдгийг тодорхой авч үзэх ёстой гэж сануулав.   

Мөн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хуралдааны үеэр "Нэгдүгээр ангид зургаан настнууд элсэн суралцдаг болсноор хөдөөгийн гэр бүлүүд хоёр тусдаа амьдрах болж, энэ нь эргээд гэр бүл салалтад нөлөөлөх болсон. Хөдөөд ажлын байр байхгүйгээс хот руу ирж төвлөрдөг. Ядуу тарчиг амьдралын тухай яриад байх авч энэ мэт асуудлыг олж харж, шийдлийг гаргаагүй цагт УИХ-аас хэчнээн ч бодлого баталлаа ч хүндээ хүрэхгүй” гэж хэлсэн байна.

Сүүлийн үед 6 настнуудыг сургуульд явуулсан нь буруу шийдвэр байсан гэдгийг энэ мэтээр дээр, дооргүй өгүүлж байна. Гэвч, өнөөгийн БШУЯ-ныхан энэ байдлыг ойлгохыг хүсэхгүй байгаа бололтой.   

Энэ оны зун Монгол Улсын боловсролын бодлогын баримт бичгийг дахин шинэчилсэнтэй холбоотойгоор, БШУ-ны сайд Л.Гантөмөр УИХ-д мэдээлэл өгч байсан юм. Энэ үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Л.Гантөмөрөөс "Зургаахан настай хүүхэд нь аймаг, сумын төвд сургуульд орохоор ээж эсвэл аав нь дагаад ирдэг. Залуу гэр бүлүүд ингэж хоёр талд амьдрах нь санхүүгээс эхлээд олон сөрөг дагавартай. Зарим гэр бүлүүд салж байна. Иргэд хөдөөний хүүхдийг долоон настайгаас нь сургууьд оруулж болохгүй юм уу гэж их асуудаг” гэж асуухад Л.Гантөмөр түүнд "Ийм боломж байхгүй. Хот хөдөө гэлтгүй адилхан байна” хэмээн хариулжээ.

Харин одоо, засгийн газар нь анхаардаггүй асуудлыг УИХ нь анхааралдаа авснаар, засгийн газарт үүрэг даалгавар өгч, боловсролын хуулийг өөрчилж болох юм.

 



Ч.Номун

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler