|
Видео

Шинэ мэдээ

"Гоодойн аманд гарсан галын эзэн холбогдогчийг тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлнэ"

"Гоодойн аманд гарсан галын эзэн холбогдогчийг тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлнэ"

 


Хаврын хэт хуурайшилтын үед иргэд санамсар, болгоомжгүй байлдаасаа гал алдан өөрийн болон өрөөлийн эд хөрөнгө, байгаль орчинд ноцтой хор хохирол, аюул учруулах тохиолдол цөөнгүй байна. Энэ асуудлаар НОБГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүйгээс тодрууллаа.

-Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд томоохон гал түймэр өдөр бүр гарлаа. Онцгой байдлын аврах гал унтраах ангиуд хэрхэн ажилласан бэ? Гал түймрийн улмаас нэлээд хохирол учирсан байх?

-Нийслэлийн ногоон бүс Богд уулын Соёмботой уул буюу Богины аманд шар өвс шатаасны улмаас түймэр гарсан дуудлагын дагуу манай гал унтраах 7 ангийн 72 албан хаагч 13 техник дээр ажиллаж галыг бүрэн унтраасан. Энэ түймэр нь ой руу орох асар их эрсдэлтэй байсан. Богд уул руу түймэр алдсан бол асар их хохирол учрах байлаа.

Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд Ар согоотод хөрсний шар өвс шатаасны улмаас  гал гарлаа гэсэн дуудлагаар 36 албан хаагч бүрэлдэхүүн очиж ажилласан. Иргэн Б нь үнс нурмаа ил задгай орхисноос улмаас 10 айлын хашаа, 3 амбаар 3 жорлон шатаж байхыг очиж унтраасан.  16 албан хаагч 6 тонн ус зарцуулан 3 автомашинтайгаар шуурхай ажиллаж галыг унтраасан байгаа.

Өнгөрөгч бүтэнсайн өдөр буюу 4-р сарын 14-ны өдөр Гоодойн аманд 13.57 цагт мөн л хөрсний шар өвс шатаж байна гэсэн дуудлагаар СБД-ийн онцгой байдлын хэлтсийн аврах 77-р ангийн 10 албан хаагч 2 машинтайгаар очсон. Түймэр маш их тархсан байсан. Салхи шуургатай байсан тул ажиллах нөхцөл хүндрэлтэй. 6, 7 байшин галт автсан байдалтай байсан. Нэмэлтээр 10, 14, 18, 30, 34, 63, нийслэлийн 105 дугаар аврах ангийн 102 алба хаагч ажиллаж 28 машинтайгаар түймрийн тархалтыг зогсоож цурманд оруулсан байгаа. Гал түймрийн улмаас зуслангийн 12 байшин, гурван гэр шатсан. Иргэдийн ярьж байгаагаар бол гагнуур хийж байхад оч үсэрч гар өвсөнд орж гал гаргасан гэж мэдээлсэн. Үүн дээр галын улсын байцаагч болон цагдаа прокурорын байгууллага хэргийн үзлэг шалгалтыг хийсэн байгаа. Хуулийн дагуу 14 хоногийн дотор эзэн холбогдогчийг тогтоож прокурорын байгууллагад шилжүүлнэ. Прокурорын байгууллага санал дүгнэлтээ шаардлагатай бол 30 хоног үргэлжлүүлнэ. Шаардлагагүй бол тэр даруй шийдэх заалттай байдаг.

Даваа гарагт Шадивлан зусланд гал гарсан. Манай 4 гал унтраах ангийн 60 орчим албан хаагч, ажиллаж шатаж байсан зургаан байшингийн галыг унтрааж, цааш дэлгэрэх нөхцөл байдлыг таслан зогсоож бүрэн унтраасан.

Хохирлын хэмжээг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно. Манайх бол зөвхөн галыг унтраах үүрэгтэй байгууллага.

-Гал түймэр их гараад байгаа шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Өнгөрсөн өвөл цас багатай. Олон жилийн дунджаас 1-3 хэмийн дулаан болж өнгөрсөн байгаа. Хаврын хуурайшилт эрт эхэлсэн. Цас дөрөвдүгээр сард хайлж эхэлдэг бол энэ жилийн хувьд гуравдугаар сард хайлаад дуусчихсан байсан. Хур тунадас бага орсон учраас нийт нутгаар хуурайшилт их байгаа. Тэр дундаа Улаанбаатарын орчинд хуурайшилт ихтэй байна. Хуурайшлын зэрэг гуравдугаар зэрэг буюу гал түймрийн аюултай зэрэгт хүрчихсэн байгаа. Тийм учраас иргэддээ энэ талаар анхаарал сэрэмжтэй байхыг уриалж байна. Ойн ногоон эргүүлийг байгаль орчны газар, онцгой байдлын газар хамтраад ногоон бүсэд эргүүл хийж байна.

-Ер нь зөвхөн энэ амралтын өдрүүдээр гарсан галын дуудлага биш, нийт гал түймрийн дуудлага хэр ирж байна вэ. Хуурайшилтын үед бүр ихэссэн үү?

-2019 он гарсаар нийт 1300 орчим гал түймрийн дуудлага ирсэн. Үүний бараг 90 хувь нь обьектийн гал түймэр эзэлж байна. Жишээлбэл, Гоодойн ам, Шадивлан зусланд гарсан гал түймэр обьектийн гал түймэрт багтана. Яагаад гэвэл ой руу ороогүй учир. Ихэнх шалтгаан нөхцөл нь шар өвс шатааснаас үүдэн гал гарч байна.  Ил задгай үнс нурмаа асгаснаас гал түймэр гарсан тохиолдол ихэнх хувийг эзэлдэг байсан. Дараа нь пийшин, зуухны галлагаатай холбоотой гал түймэр байдаг. Энэ нь яндангийн хамгаалалт хийгдээгүйгээс гал түймэр гардаг. Гуравдугаарт, шаардлага хангаагүй цахилгааны утас, цахилгаан хэрэгслээс үүдсэн гал гардаг. Харин хаврын улиралд шар өвс шатааснаас үүссэн гал түймэр эдгээрийн эхэнд тавигдаад байна. Амралтын өдрүүдээр их гарч байна гэдэг нь иргэд амралтын өдрөөр зусландаа гараад л ийм зүйл бий болж байна гэсэн үг.  Ингэхлээр иргэдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас үүдэн өөрсдийгөө болон өрөөлийг хохироож байна.

-Өнжмөл шар өвс шатаавал хуулийн хариуцлага хүлээлгэх заалттай байдаг шүү дээ?

-Тийм. Уг нь шар өвс шатаахыг хориглосон байдаг. Ногоон бүсэд хашаандаа ил задгай өвс мод шатаахыг ойн тухай хууль болон зөрчлийн тухай хуулийн 7-р зүйлийн 9 дэхь заалтад хориглосон байгаа. Ойн тухай хуулиар хувь хүнийг 300 нэгж төгрөгөөр, хуулийн этгээдийг 3000 нэгж төгрөгөөр торгоно гэсэн заалт бий.   

-Хуурайшилтын үед иргэд шар өвс шатааснаас үүдэн гал түймэр гараад байна. Энэ үеэр иргэд аюулгүй байдлаа хангаж, юуг анхаарах хэрэгтэй байдаг вэ?

-Ер нь бол шар өвс шатаахгүй байх хэрэгтэй. Шатаахыг хориглочихсон байдаг шүү дээ. Шатаах гээд байгаа бол шатаах хэсгээ тойруулаад элс овоолчих хэрэгтэй. Тэгэх юм бол гал хашаа руу орж тархахгүй элсэн доторх өвсийг л шатаана. Нөгөө арга нь намар эрт тармуураар хамаад авчих хэрэгтэй. Ингэх юм бол хавар өнжмөл өвс биш шинэ өвс ургана. Тэгэхээр энэ бол ухамсар зохион байгуулалтын асуудал юм.

-Хаврын хуурайшилтын үед гарч байгаа гал түймрээс урьдчилсан сэргийлэхийн тулд Онцгой байдлын газраас ямар арга хэмжээг зохион байгуулж ажиллаж байна вэ?

-Нийслэлийн онцгой байдлын газар ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Улсын онцгой комисс болон Нийслэлийн засаг дарга, Онцгой байлдлын ерөнхий газрын албан даалгавар, тушаалыг хэрэгжүүлээд ажиллаж байна.  Байгаль орчны газартай хамтраад нийслэлийг тойрон хүрээлэх уул бүрийг хамгаалдаг байгаль орчны байцаагч нарт хяналтаа сайжруулж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар сургалт явуулсан. Ойн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг амралт сувиллын газарт мэдэгдэл хүргүүлж ажилласан. Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтраад 6 төрлийн наалтыг 80 мянган ширхэгийг иргэдэд хүргэнэ. Хэрхэн гал түймрийн ослоос урьдчилсан сэргийлэх талаарх мэдээллийг хараад хэн ч ойлгох зурагт наалтыг зорилтот бүлэгт хүргэж ажиллаж байна.  Ногоон бүсэд хамтарсан эргүүлийг НОБГ-ийн бэлтгэл албан хаагчид болон байгаль хамгаалагч нар хамтраад хийж байгаа. Сая Шадивлан зусланд гарсан галыг Чингэлтэй дүүргийн 10-р ангийн гал унтраах ангийн гурван албан хаагч ногоон эргүүл хийж портер машинтай явж байгаад түрүүлж харсан байна лээ. Тэгж шуурхай ажилласны дүнд илүү их хохирол учрах эрсдэлтэй байсныг зогсоож чадсан.  

Х.Соёл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler