|
Видео

Шинэ мэдээ

З.Энхболд: Шүүгч нь прокуророо, прокурор нь шүүгчээ хамгаалаад, хаацайлаад байгаа тул ҮАБЗ оролцож байгаа юм

З.Энхболд: Шүүгч нь прокуророо, прокурор нь шүүгчээ хамгаалаад, хаацайлаад байгаа тул ҮАБЗ оролцож байгаа юм

 


Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын ээлжит бус чуулганаар баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай, Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан дээрх хуулиудад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн хүрээнд шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт тусгасан юм.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, "Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн гэсэн байр суурийг УИХ-ын зарим гишүүн илэрхийлсэн. Хуулийн хүрээнд ҮАБЗ-өөс шүүгч, АТГ-ын дарга, дэд дарга, Улсын ерөнхий прокурор болон түүний орлогчийг томилодог эрх бүхий байгуулагад тухайн албан тушаалтныг огцруулах зөвлөмж хүргүүлдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу прокурорыг огцруулах эсэхийг Ерөнхийлөгч шийднэ. АТГ-ын дарга, дэд даргыг огцруулах эсэхийг УИХ, шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл шийднэ. 1992 оноос хойш хуулийн байгууллагын эрүүдэн шүүх ажил нь зогсоогүй байгаа нь С.Зориг агсны хөнөөсөн хэрэгтэй холбоотой бичлэгээр ил боллоо. Үүнээс үүдэн иргэдийн хууль, хяналтын байгууллагад итгэх итгэл алдарч байгаа юм. Сэжигтнүүдийг эрүүдэн шүүж байгаа эсэхэд прокурор хяналт тавих ёстой. Энэ хүмүүс ажлаа хийгээгүй. Эдгээр хүмүүст хариуцлага тооцох гэхээр шүүгч нь прокуророо, прокурор нь шүүгчээ хамгаалаад, хаацайлаад байгаа тул ҮАБЗ оролцож байгаа юм” гэлээ.
Мөн үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хүргүүлсэн Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд А.Цэрэнсодномыг томилох албан бичгээ эгүүлэн татаж буйг мэдэгдлээ. А.Цэрэнсодном нь бусдыг дарамтлан мөнгө нэхэж байгаа тухай бичлэг цацагдсан. Уг бичлэг нь үнэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй байгаа ч Ерөнхийлөгч эгүүлэн татах нь зөв хэмээн үзсэн байна.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.