| |
Хөвсгөлд давсны хэрэглээ хэт өндөр байна
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн иргэдийн давсны хэрэглээ хэт өндөр байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүн өдөрт 5 грамм давс хэрэглэх ёстой гэж зөвлөдөг. Гэвч тус аймгийн зарим иргэд өдөрт 17 грамм давс хэрэглэж буй гэсэн судалгаа гарчээ.
Энэ нь цаашид халдварт бус өвчний суурь болох эрсдэлтэй аж. Өнгөрсөн онд 700 гаруй хүн халдварт бус өвчний улмаас нас барсан бөгөөд тархины шигдээс, зүрхний шигдээс жил ирэх тутам нэмэгдэж байгаа ажээ.
Аймгийн Эрүүл мэндийн газраас давсны зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг дээшлүүлэх замаар давс багатай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, хүнс болон хоол үйлдвэрлэгчдэд танилцуулснаар давсны хэрэглээг багасгах аянд 10 гаруй байгууллага нэгдээд байгаа юм.