| |
Шүүгч М.Батсуурь, Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар Ерөнхийлөгч, АТГ-т хандлаа
УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолыг Засгийн газар хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм. Уг тогтоолыг Үндсэн хуулийн цэцийн 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Энэ хүрээнд "Эрдэнэт” үйлдвэр ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаа нь Эрүүгийн хууль, тогтоомж зөрчсөн байж болзошгүй талаарх баримтуудыг улсын нууцаас гаргасан юм. Үүнтэй холбогдуулж хууль, хяналтын байгууллагууд Худалдаа хөгжлийн банк, "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж байгаа бөгөөд тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзсэн байна.
Ингээд нэр бүхий хүмүүст таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокуророос санал гаргасан боловч энэ сарын 06-ны Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр хянаад "Үндэслэлгүй” гэж үзсэн байдаг. Гэтэл шүүгч Х.Идэрийн эцэг, УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөр нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК-д тодорхой хугацаанд ажиллаж байсан бөгөөд одоог хүртэл тус үйлдвэрээс цалинждаг талаарх баримтууд байгаа юм. Тийм учраас шүүгч Х.Идэр дээрх асуудлыг шийдвэрлэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байгаа юм. Тухайлбал, шүүгч Х.Идэр нь шийдвэр гаргахдаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.5, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурийн хувьд "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг төрд шилжүүлэн авахтай холбоотой УИХ, ЗГ-аас гаргасан тогтоол, шийдвэрүүдийг эсэргүүцсэн "Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн шүүхийн 329 дүгээр тогтоолоор ЗГ-ын шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан юм. "Монголиан коппер корпорейшн” компанийн нэхэмжлэлтэй дээрх маргааныг Улсын Дээд шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүгч М.Батсуурь оролцож, шүүх хуралдааныг даргалсан байдаг. Гэтэл тэрээр ХХБ-ны Хууль, эрх зүйн газрын захирлаар 2009-2011 онд ажиллаж байсан. Мөн түүний эцэг Д.Мишиг нь "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг худалдаж авах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд оролцсон "Юнайтед Энержи” ХХК-ийн захирлаар 2011-2015 онд ажиллаж байсан байна.
Энэ нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 29.1, 37.1 дэх заалтуудыг илтэд зөрчиж байгаа бөгөөд Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагаанд баримтлах "хууль дээдлэх” үндсэн зарчимд нийцэхгүйн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, шүүгчийн ёс зүйг чанд сахих шүүгчийн тангаргаа зөрчсөн үйлдэл юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцээс 2018 оны 04 дүгээр сарын 02-нд "Шүүхийн үйл ажиллагааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэх тухай” албан бичгийг Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Уг албан бичигт "…Захиргааны хэргийн шүүхэд төрийн гүйцэтгэх дээд байгууллагын шийдвэрийг хянах эрх, хэмжээ Үндсэн хуулиар олгогдоогүй болохыг тогтоож 2/02 дугаар дүгнэлт гаргасан” гэдгийг тодорхой илэрхийлээд "…Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэж байгаа нь Үндсэн хууль, Үндсэн хуулийн цэцийн дээр дурьдсан шийдвэртэй нийцэхгүй үйл ажиллагаа болж байна” гэж маш тодорхой дурьдсан байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дээрх албан бичгийг УДШ-ийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд тус албан бичигт дурьдсан асуудлыг огт хангаагүй гэж үзэж байгаа ажээ.
Энэ мэтчилэн шүүгчийн ёс зүйд харшилсан, хууль бус үйлдлүүдэд нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 31.1-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Сүхбаатар дүүргийн шүүхийн шүүгч Х.Идэр нарт хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хандахаар болжээ.