![]() |
Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгаллаа
Жилийн инфляци 2019 оны 2 дугаар сард улсын хэмжээнд 6.9 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.9 хувьтай байна. Инфляцийн хэлбэлзэл нь шатахуун, мах болон хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр голлон тодорхойлогдож байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.
Энэ онд эдийн засгийн идэвхжил үргэлжилж, инфляци зорилтод түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Мөнгөний бодлогын хороо инфляцид нөлөөлж буй эрэлт, нийлүүлэлтийн болон гадаад хүчин зүйлс, тэдгээрийн цаашдын төлөв, бизнесийн идэвхжилийг харгалзан бодлогын хүүг энэ удаад хэвээр хадгалахаар шийдвэрлэлээ. Цаашид дотоод эрэлт үргэлжлэн хүчтэй тэлэх тохиолдолд мөнгөний бодлогын хүүг өсгөх шаардлага үүсч болзошгүй.
Тэтгэврийн зээлээс бусад хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг бууруулж, 60 хувиар тогтоох шийдвэр нь сүүлийн жилүүдэд хурдацтай өсч, өндөр түвшинд хүрсэн хэрэглээний зээл, иргэдийн өрийн дарамтыг цалингийн өсөлттэй уялдуулан аажмаар бууруулах зорилготой юм.
Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж байгаа болно.
Хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.
МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО
![](/templates/kingnews/images/logo.png)