|
Видео

Шинэ мэдээ

461 дүгээр ангид хүн нас барсан хэргийн талаарх тайлбарууд

 

461 дүгээр ангид хүн нас барсан хэргийн талаарх тайлбарууд

 


ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан иргэн Б энэ сарын 24-нд амь насаа алдсан хэрэг гарсан.   Хэргийг ЦЕГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байгаа юм байна. Тэд өчигдөр шалгалтын явцыг мэдээлэв. ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр энэ талаар тайлбар өгсөн. Үүнээс өмнө АТГ-аас саатуулагдаж байхдаа нас барсан иргэний талаар мэдээлэл өгсөн байдаг. Албаны тайлбаруудыг тоймлон хүргэж байна.   
 

 

ЦЕГ: Камерын бичлэгийг бүрэн эхээр нь шалгаж байна

ЦЕГ-ын Мөрдөн байцаах газрын дэд дарга С.Буянжаргал хэргийн талаар мэдээлэл өгсөн.  Тэрээр "Талийгаач Б-г санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл гарлаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүх талаас нь шалгаж, тодруулж байна. Цагдан хорих ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан, шалгаж байна. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтуудыг  ШШҮХ-нд явуулсан. Дүгнэлт хараахан гараагүй байна. Мөн хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэл дээр бид шинжээч томилсон байгаа.  Түүнчлэн талийгаачийн тэр өдөр хүнтэй уулзсан гэх асуудал дээр холбогдох бүх л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа”  гэв.

Ц.Амгаланбаяр: Ажлын хариуцлага алдсан алба хаагчдыг чөлөөлсөн

Үүний дараа  ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр мөн мэдээлэл өглөө.  Тэрээр  ”ШШГЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулж, дотоод хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэн шалгалтын ажил дууссан. Шалгалтаар тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид буюу давхрын харуул хамгаалалтын ажилтан, дүрс бичлэгийн албан хаагчид ажлын байранд хариуцлагагүй хандан сонор сэрэмж, хяналтаа сулруулсныг тогтоосон. Ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар шалгалтын дүнг хэлэлцээд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан хүмүүст хариуцлага тооцсон. 461 дүгээр ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, ерөнхий жижүүр, ээлжийн дарга, харуул хамгаалалтын холбогдох ажилтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан” гэсэн юм.

АТГ: Хахуулийн хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн саатуулж байсан

Харин үүнээс өмнө хоёрдугаар сарын 25-нд АТГ-аас талийгаачийн талаар тайлбар мэдээлэл өгч байв. Тэд "Харамсмаар үйл явдал боллоо.  Талийгаачийг Салхитын мөнгөний орд газрыг эзэмшигч компани, ордыг ашиглагч компани хоорондын маргаанаас үүдэн саатуулж байсан.   Хууль хяналтын байгууллага тухайн маргааныг хянах явцад их хэмжээний хахууль өгсөн хэрэг бүртгэгдэж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг төлөвлөгөөний дагуу явуулж байсан.  Шалгах явцад нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй хэмээн сэжиглэж, энэ хэрэгт талийгаачийг сэжиглэн 48  цагийн хугацаатай баривчилсан. Мөрдөн байцаах газраас талийгаачийн гэр, ажлын байранд нэгжлэг хийж, баримтуудыг хураан авсан.  Талийгаачийн хувьд хэрэг нь шалгагдаж байгаа. Цаашид үйл ажиллагааны нууцлалыг хадгалах, гэм буруутай этгээдүүдийг олж тогтоох ажиллагаа явагдана. Хахууль өгөх авах хэрэгт хамтран оролцогчоор энэ хүн сэжиглэгдсэн” гэж байлаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler