| |
ЦЕГ: Хорих 461 дүгээр ангийн камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлаж, үзлэг хийж байна
ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид иргэн нас барсан тухай хэргийг мөрдөн шалгах үйл ажиллагаа явж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлэл хийлээ. Хэрэгт цагдаагийн мөрдөн байцаах ерөнхий газрын албаны хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс ажлын хэсэг гарч мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Тэд прокурорын байгууллагаас зөвшөөрөгдсөн хэмжээнд товч мэдээлэл өгч байна. Мөрдөн байцаах газрын дэд дарга С.Буянжаргал "Хэвлэл мэдээллийн хэрэгслээр талийгаач Л.Бямбааг санаатайгаар хөнөөсөн гэх мэдээлэл яваад байгаа. Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийг бүх талаас шалгаж, тодруулж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар цагдан хорих 461-р ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хуулбарлан, үзлэг шалгалт явагдаж байна. Талийгаачийн үхлийн шалтаг болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан эд мөрийн баримтууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон ажиллаж, хараахан дүгнэлт гараагүй байна. Мөрдөн шалгах ажиллагааг хурдан шуурхай бүх талаас нь үнэн бодитой явуулах тал дээр анхаарч ажиллаж байна. Энэ хэрэгт Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна гэлээ.
-Ямар шалтгаанаар амь насаа алдсан нь одоохондоо тогтоогоогүй байгаа юу?
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт одоогоор хараахан гараагүй байгаа учраас энэ талаар хэлэх боломж байхгүй.
-Гэрээслэл үлдээсэн гэдэг нь үнэн үү?
–Хэргийн газрын үзлэгээр гэрээслэл хураан авсан. Тухайн гэрээслэл дээр бид шинжээч томилсон байгаа.
-Камерын бичлэг алдагдсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Камерын бичлэгийг бид тухайн үед хэргийн газраас эд мөрийн баримт болгон хураан авсан. Алдагдаагүй.
-Талийгаачийг өмнө нь авлигийн хэргээр шалгаж байсан мөрдөн байцаагчийг шалгаж байгаа гэсэн. энэ талаар?
-Энэ хэрэгт АТГ-ын эрх бүхий албан тушаалтнуудаас хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн мөн эрх бүхий ШШГЕГ-аас ажлийн хариуцлага алдсан гэх асуудлыг энэ хэрэгт холбон шалгаж байгаа.
-Нас барахаас нь өмнө уулзсан хүн байна уу. Гадуур байцаасан гэсэн энэ талаар?
-Авч гарч гадуур байцаасан гэх асуудал мөн хүнтэй уулзсан гэх асуудал дээр холбогдох бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа.