| |
Видео
Шинэ мэдээ
21 аймгийн Эрүүл мэндийн газарт яаралтай түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө
Хүн амын эрүүл мэндийн төлөө, ялангуяа алслагдсан орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнөөдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас 21 аймгийн эрүүл мэндийн газарт түргэн тусламжийн автомашин гардуулж өглөө.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ яаралтай тусламжийг хэдий чинээ богино хугацаанд үзүүлж чадна, төдий хэмжээнд эрсдэлийг бууруулж байдаг учраас түргэн тусламжийн автомашин хамгийн чухал үүрэгтэй. Орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор хэнийг ч орхигдуулахгүй байх гэсэн ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ажиллаж, нэн шаардлагатай байсан түргэн тусламжийн автомашиныг олгож байгаа гэлээ.
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч Ө.Наранбаатар :
Өргөн уудам газар нутгийн 80 хувийг хамарч, 10 мянга гаруй хүн амд хүрч, 300 км-ийн радиуст дуудлагад явдаг тул түргэний машин нэн шаардлагатай байлаа. Жилд бид дунджаар 1000 орчим дуудлагад явдаг. Манай нөхцөлд бол хэвтрийн хүн зөөх, осолд орсон хүнийг зөөх, даваа гүвээ давахад туулах чадвартай сайтай машин хамгийн тохиромжтой байдаг.
Увс аймгийн Эрүүл мэндийн газрын жолооч С. Мягмарсүрэн:
Би байгууллагадаа 33 дэх жилдээ жолоочоор ажиллаж байна. Хөдөө орон нутагт уултай, хадтай маш их бартаатай замаар явдаг учраас туулах чадвар сайтай машин л хэрэгтэй байдаг. Машиндаа запас сэлбэг хийж, засаж янзалж явсаар 9 жилийн дараа шинэ машинтай болж байгаадаа баяртай байна.