|
Видео

Шинэ мэдээ

Ц.Болдсайхан: Нэр дэвшигчид энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой

Ц.Болдсайхан: Нэр дэвшигчид энэ сарын 15-ны дотор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах ёстой

 


УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-ын 2019 оны хоёрдугаар сарын 2-ний өдрийн чуулганы хуралдаанаар Хэнтий аймагт болох 42-р тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-ны өдөр товлон зарласан байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ ҮХЦ-ийн шийдвэрийн дагуу хуулиндаа өөрчлөлт оруулж сонгууль хийх тогтоол хүчин төгөлдөр гарсан билээ. 
Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хавар, намар амралтын өдөр зохион байгуулах заалттай.  Өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооноос 2018 оны аравдугаар сард нөхөн сонгуулийг зохион байгуулахаар болсон ч Үндсэн хуулийн Цэцийн шийдвэртэй холбоотойгоор хойшилсон байсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өчигдрөөс эхэлж Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 31 намын 27 намд нь зөвлөмж хүргүүллээ.  Хуульд заасан Улсын дээд шүүхэд сонгууль болохоос 180 хоногийн өмнө бүртгүүлсэн нам оролцох боломжтой учраас гурван намд зөвлөмж хүргүүлээгүй.
УИХ-аас хуульд өөрчлөлт орж, төрийн жинхэнэ албан хаагч, төрийн өмчийн компанийн захирал, дэд захирал зэрэг эрх бүхий албан тушаалтан сонгуульд нэр дэвшихээр бол сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ баасан гарагт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах хугацаа нь дуусгавар болж байгаа юм.
Тус тойргийн сонгуульд нийт 17 мянга 450 сонгогч санал өгөх юм байна. Нийт сонгогчдын 50+1 хувь нь санал өгч, ирц бүрдсэний дараа тухайн сонгууль хүчин төгөлдөр болно.
Нэр дэвших ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоногийн өмнө дуусгавар болох юм.
Сонгууль болохоос 22 хоногийн өмнө буюу зургадугаар сарын 4-нд нэр дэвшигчийн үнэмлэхийг гардуулна. Харин сонгуулийн сурталчилгаа одоогийн хуулийн дагуу 18 хоног үргэлжлэх юм.  Нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл сонгуульд оролцох хүсэлтийг санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-ээс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх юм байна. Харин бие даан нэрээ дэвшүүлэх бол тавдугаар сарын 24-30-ны өдрийн хооронд мэдээллээ хүргүүлэх юм байна.
Сануулахад, өмнө нь товлогдсон нөхөн сонгуульд нийт 14 нам оролцохоо мэдэгдэж байсан юм. 
Ингээд Ц.Болдсайхан даргаас зарим асуултад хариулт авлаа.

-Нөхөн сонгууль зохион байгуулахад хэдэн төгрөг зарцуулах вэ? 

-Нөхөн сонгууль явуулах зардлыг УИХ-ын чуулганы хоёрдугаар сарын 2-ны хуралдаанаар баталсан. 287,6 сая төгрөг зарцуулна. Үүнээс 246,1 сая төгрөг нь СЕХ-ны нэр дээр, 32 сая гаруй төгрөг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, найман сая гаруй төгрөг нь цагдаагийн байгууллагад зарцуулагдана. 21 хэсэгт санал хураалт явагдана. 21 хэсэгт 500 орчим хүн ажиллах тооцоолол байна.

-Сонгуулийн ирцийг бүрдүүлэхэд СЕХ хэрхэн анхаарах вэ? 

-Ирц дээр санаа зовох зүйл гарахгүй болов уу. Учир нь 2016 онд энэ тойргийн сонгуулийн ирц 80 хувьтай байсан. 80 хувь гэдэг бол өндөрдөө орно. Сонгуулийн хэсгийн хороод ирцээ бүрдүүлэхэд анхаарч ажиллана.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвших эрх нээлттэй юу? 

-Шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн учраас нэр дэвших эрх нь нээлттэй.

-Нийтдээ хэдэн салбар хороонд санал хураалт явагдах вэ? 

-Хэнтий аймгийн төв, Мөрөн, Жаргалтхаан гээд нийтдээ 21 салбар хороон дээр санал хураалт явагдана. Сонгуулийн үеэр нийт 500 орчим хүн ажиллана.

-Шилжилт хөдөлгөөнийг хэзээнээс хааж эхлэх вэ?

-УИХ-ын тогтоол албан ёсоор хүргэгдээгүй байна. Энэ долоо хоногт хүргэгдэх байх. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор хоёроос гурван хоног үлдээд байна. Тогтоол хүргүүлсний дараа УБЕГ-аас шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

-Сонгуулийн дүнг яаж танилцуулах вэ? 

-Тухайн үед шууд дамжуулна.

-Бусад орон нутагт болох дахин болон нөхөн сонгууль бий юу?

-2016 оноос хойш 84 тойрогт дахин болон нөхөн сонгууль болох асуудал гарсан. 46 тойрогт нь сонгууль явагдсан байна. 38 тойрогт асуудал бий. Зарим нь шүүхийн шатанд явагдаж байгаа.

О.Гэрэл
Оллоо.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler