| |
Х.Бат-Ялалтыг цагдаагийн алба хаагчийн үхлийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ
Булган аймгийн Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч Э.Мөнхтулга 2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 01:23 цагт албан үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан хэрэг гарсан. Түүний үхлийн талаар манай сурвалжлах хэсэг Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт ажиллаж "Өдрийн сурвалжлага: Цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад ослоор нас барлаа” сурвалжлагыг хүргэж байсан билээ.
Талийгаачийн үхэлд Х.Бат-Ялалтыг буруутай гэж ар гэрийнхэн нь үзсэн. Тодруулбал, сэтгэл санааны хямралд оруулсан, өрөөнд нь дайрч орсон нь хууль бус үйлдэл гэж үзсэн тул цагдаагийн байгууллагад хандсан.Тэгвэл цагдаагийн алба хаагчийн үхэлтэй холбоотойгоор Х.Бат-Ялалтыг Булган аймгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, талийгаач цагдаагийн ар гэрийнхний өргөдлөөр Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 21.8, 21.9-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Эрүүгийн хуулийн
21.8 дугаар зүйл.Хуульчийн мэргэжлийн нэрийг хууль бусаар хэрэглэх: Хуульчийн мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхгүй хүн хуульчийн мэргэжлийн нэрийг ашигласан, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсны улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
21.9 дүгээр зүйл.Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах: Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн, мөрдөн шалгах ажиллагааны талаар албаны үүргийн дагуу олж мэдсэн алба хаагч, ажилтан прокурорын зөвшөөрөлгүйгээр мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олон нийтэд задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус заасан байна.
Эх Сурвалж: Dorgio.mn