| |
Колумбид терроризмын эсрэг жагсаал цуглаан өрнөжээ
Өнгөрсөн ням гарагт Колумбийн нийслэл Богота хотод олон мянган иргэн энх тайвныг шаардаж, "терроризмд үгүй гэж хэлцгээе” хэмээн уриалан жагссан байна.
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Богота хот дахь Цагдаагийн академид автомашинтай этгээд тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдэж, 20 гаруй хүний амь насыг хохирсон хэргээс үүдэн энэхүү жагсаал цуглаан өрнөсөн байна. Жагсагчдын дунд Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке болон Ерөнхийлөгч асан Хуан Мануэль Сантос нар байжээ.
И.Дуке энэ халдлагад Үндэсний чөлөөлөх армийг /ELN/ буруутгасан юм. Харин Үндэсний чөлөөлөх арми уг мэдээллийг үгүйсгэсэн боловч холбогдох албаны төлөөлөгчдийн мэдээлснээр, халдлага үйлдсэн жолооч нь уг бүлэглэлийн тэсрэх бөмбөгийн мэргэжилтэн байсан аж.
Колумбийн Ерөнхийлөгч жагсагчдад хандан хэлэхдээ, Засгийн газар, ард түмэн хамтдаа улс орныхоо төлөө нэгдэж, терроризмд хэзээ ч бууж өгөхгүй, Колумбийн ард түмэн гэмт хэрэгтнүүдээс эмээхгүй гэжээ.