| |
Францад “шар хантаазтнууд” ес дэх удаагаа жагслаа
"Шар хантаазтнууд” хөдөлгөөнд оролцогчид бямба гарагт Францын хотуудад ес дэх удаагаа эсэргүүцлийн ажиллагаа зохион байгууллаа.
Францын эрх баригчид орон даяар аюулгүй байдлын арга хэмжээг чангатгах шийдвэр гаргасны дагуу хууль сахиулах байгууллагуудын 80 мянга орчим албан хаагчийг дайчилсан байна.
Нийслэл Парис хотод болсон жагсаал 11 цаг орчимд тус улсын Эдийн засаг, сангийн яамны дэргэдээс эхэлсэн байна. Жагсагчид Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг огцрохыг болон Ерөнхийлөгчийн туслах асан Александр Беналльд хорих ял оноохыг шаарджээ.
Парисын зүүн өмнөд хэсгээс баруун хойд хэсэг хүртэл нийслэл хотыг бараг бүхэлд нь дайран өнгөрснийхөө дараа буюу эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс гурван цагийн дараа жагсагчид Ялалтын хаалган дээр ирсэн байна. Жагсагчдын зарим нь цагдаа нар руу лонх, чулуу шидэлж эхлэхэд цагдаа нар нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, цагдаа нар 240 хүн баривчиллаа гэж телевизийн BFMTV суваг хууль сахиулах байгууллагуудын мэдээллээс иш татан уламжилжээ. Тэднийг хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эсрэг хүч хэрэглэсэн, хориотой зэвсэг биедээ авч явсан хэрэгт буруутгаж байгаа аж.
Бямба гарагийн эсэргүүцлийн ажиллагаанд нийтдээ 84 мянга орчим хүн оролцсон байна.
Францад шатахууны татвар болон бензиний үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн "шар хантаазтнууд” хөдөлгөөний жагсаал цуглаан өнгөрсөн оны 11 дүгээр сарын 17-нд эхэлсэн. Хэдийгээр эрх баригчид холбогдох арга хэмжээг авч эхэлсэн ч тэд эсэргүүцлийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм.