|
Видео

Шинэ мэдээ

Э.Макрон Даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ

 

Э.Макрон Даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ

 

ПАРИС. /BBC/. Франц даяар өрнөж буй эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор тус улсын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон даваа гарагийн орой мэдэгдэл хийнэ.
Францын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Э.Макрон цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, орон байрны татварыг бууруулах хугацааг урагшлуулах зэрэг бага орлоготой ард иргэдийг дэмжих арга хэмжээнүүдийн талаар олон нийтэд мэдээлэх төлөвтэй байгаа ажээ.
Ирэх оны нэгдүгээр сараас шатахууны татварыг нэмэгдүүлэх гэж буйг эсэргүүцсэн жагсагчид өнгөрсөн 11 дүгээр сарын дунд үеэс жагсаж эхэлсэн юм. Энэхүү нөхцөл байдлыг намжаахын тулд Э.Макроны засгийн газраас 2019 онд шатахуун түлшний татварыг нэмэгдүүлэхээ болих шийдвэрийг гаргасан билээ.
Гэсэн хэдий ч дээрх шийдвэрийг үл харгалзан өнгөрсөн амралтын өдрүүдэд эсэргүүцлийн жагсаал үргэлжилсэн байна.
Өнгөрсөн бямба гарагт Франц даяар нийт 2 мянга орчим хүнийг баривчлан саатуулсан бөгөөд жагсагчдын зарим нь догширч, дэлгүүр дээрэмдэж, сүйтгэсэн байна. Түүнчлэн тэд ирэх амралтын өдрүүдэд ч дахин жагсахыг уриалж байжээ.
Нийслэл Парис хотын дэлгүүрүүд зул сарын баярын өмнөх өдрүүдэд аялагчид болон дэлгүүр хэссэн хүмүүсээр дүүрэн байдаг юм. Гэвч эсэргүүцлийн жагсаал цуглаантай холбоотойгоор сүүлийн хэдэн долоо хоногийн турш амралтын өдөр тутам хаалгаа барихад хүрчээ. Үүгээр зогсохгүй тус улсыг зорих жуулчид зочид буудлын захиалгаа цуцлах нь түгээмэл болсон байна. 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ENE.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.