|
Видео

Шинэ мэдээ

Дулааны эрчим хүч бодит өртгөөсөө 1-4 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна

Дулааны эрчим хүч бодит өртгөөсөө 1-4 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна

 


Идэр есийн хүйтэн жавар тачигнаж, эрчим хүчний салбар 100 хувь ачаалалтай ажиллаж байгаа энэ үеэр дулааны эрчим хүчний хангамж, үнэ цэнэ, үнэ тарифын талаар бид сурвалжилсан юм. Сарын сүүлчээр бодогдох цахилгаан, дулааны мөнгийг эс тооцвол эрчим хүчний салбарын талаар бид төдийлөн мэддэггүй.

Гэтэл бидний хоол, ундаа хийхдээ зарцуулдаг цахилгаан эрчим хүч, халуун устай, тав тухтай дулаан орчинг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний салбарт өнөөдөр 13 мянга гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж байна.

 "УЛААНБААТАР ДУЛААН” ТӨХК 5.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖ БАЙНА.

Улаанбаатар хотыг бүхэлд нь дулааны эрчим хүчээр хангаж байгаа "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өдгөө 2600 гаруй гэрээт хэрэглэгчтэй бөгөөд 50 гаруй орон сууц, нийтийн аж ахуйн компанитай гэрээтэй ажилладаг байна. "Амгалан дулааны станц” ХХК, "ДЦС-2” ХК, "ДЦС-3” ХК, "ДЦС-4” ХК-иудад боловсруулсан дулааны эрчим хүчээр Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон 2760 аж ахуйн гэрээтэй хэрэглэгч, ОСНААУГ-ны харьяа 3 түгээх төвийн Хэрэглэгчид үйлчлэх 16 төвийн 9000 гаруй барилга обьектын халаалт, салхилуулга, хэрэгцээний халуун усны 1885.3 Гкал/ц-ийн ачаалал бүхий дулааны эрчим хүчний хэрэглээг өөрийн эзэмшлийн Ф200-Ф1200 мм-ийн голчтой 379.5 км урттай 13 магистраль шугам, насосны 8 станц, дулаан дамжуулах 2 төвөөр дамжуулан жилийн турш тасралтгүй, найдвартай ханган ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд нийслэл хотод барилгажилт эрчимтэй явагдаж байгаатай уялдуулан жилд дунджаар 100-150 Гкал/ц-ийн ачаалал бүхий 200 орчим барилгыг төвлөрсөн дулаанд холбон ажиллаж байгаа бөгөөд дулаан түгээлт жилдээ 3-8 хувиар өсч байна. Гэтэл өнөөдөр энэ байгууллага 5.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байна. Энэ алдагдал яагаад бий болсон талаар "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Төлөвлөлт, эдийн засгийн хэлтсийн дарга Х.Эрдэнэчулуунаас тодруулсан юм. Тэрбээр "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК хэрэглэгчиддээ бодит өртгөөсөө 80 гаруй хувиар доогуур үнээр дулаанаа борлуулж байна. Манай компани хэрэглэгчдийг найдвартай дулааны эрчим хүчээр хангаж ажиллах үүрэг хүлээсэн байгууллага. Гэтэл найдвартай ажиллахын тулд санхүүгийн тогтвортой байдал хамгийн чухал. Харамсалтай нь өнөөдөр дулааны эрчим хүчний үнэ тариф хэтэрхий бага, бодит өртөгтөө хүрэхгүй үнэ, тарифыг мөрдөж байгаа. Үүнээс шалтгаалан 2018 оны байдлаар 5.8 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ тарифт тухайн эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа нүүрсийг уурхайгаас олборлдож, тээвэрлэж, цахилгаан станцад боловсруулж, станцаас эцсийн хэрэглэгчид хүргэх бүхий л бодит өртөг зардлыг шингээсэн байх ёстой. Гэвч энэ бодит өртөг, зардлаа бүхэлд нь шингээж чадахгүй, бодит өртгөөс доогуур тарифаар дулаанаа борлуулж байгаагаас болж санхүүгийн алдагдал бий болоод байгаа юм. Санхүүгийн алдагдал үүссэнээс хэрэглэгчийг найдвартай дулааны эрчим хүчээр хангах, шугам сүлжээний засвар үйлчилгээ хийх хөрөнгө бүрдэхгүй байна. Нөгөө талаас бид цахилгаан станциудад худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрөө бүрэн барагдуулж чадахгүйд хүрсэн. Үүнтэй холбогдуулан цахилгаан станцууд санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орж, цаашлаад уурхайнуудад өр тавьж байгаагаас эрчим хүчний салбарт нэг нэгнийгээ дагасан өр төлбөр үүсч байна” гэж тайлбарлалаа. Эрчим хүчний бодит өртөг өдрөөс өдөрт өсч байгаа. Үүнд нүүрсний үнэ, валютын ханшийн өсөлт, тээврийн зардла, тоног төхөөрөмжүүдийн өртөг, татвар, даатгалын нэмэлт гээд олон хүчин зүйл нөлөөлдөг аж. Зөвхөн жил бүр урсгал болон их засвар хийх зардал гэхэд л валютын ханшаас хамаарч жилд 10-20 хувиар өсч байгаа юм байна.

 170 КМ ШУГАМ, СҮЛЖЭЭГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

Улаанбаатар хотын хэмжээнд дулаан дамжуулдаг шугам сүлжээний 30 хувь нь насжилтын хугацаа дууссан байна. Тиймээс энэ талаар тодруулахаар "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Үйлдвэрлэл хөгжлийн хэлтсийн дарга Э.Батмөнхтэй уулзсан юм.

Тэрбээр "Улаанбаатар дулааны сүлжээ” компанийн хариуцдаг 250-1200 мм-ийн голчтой 370 гаруй км урт шугам байдаг. Эдгээр шугамын 30 гаруй хувийнх нь насжилтын хугацаа дууссан. Нийт 170 км шугам, сүлжээг өнөө, маргаашгүй шинэчлэх шаардлагатай. Эдгээр шугам сүлжээг компани өөрийн хөрөнгөөр засварлаж, шинэчилнэ гэдэг маш хэцүү. Сүүлийн жилүүдэд Улсын болон Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тодорхой хэмжээгээр шинэчилж байна. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар 170 км шугам сүлжээг зайлшгүй солих шаардлагатай байна” гэлээ. Хуучирч муудсан шугам сүлжээ өвлийн ид ачааллын үед эвдэрлээ гэхэд нэг удаагийн л арга хэмжээ авдаг байна. Өвлийн нөхцөлд дулааныг зогсоож, шугам хоолойг бүрэн солих боломж, хөрөнгө мөнгөгүйгээс эхний ээлжид тухайн өвлийг давах засвар үйлчилгээгээр аргацааж байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчид болох хувийн 59 орон сууцны контор, орон нутийн өмчит 3 түгээх төв, хэрэглэгчдэд үйлчлэх 16 төв үйл ажиллагаа явуулдаг. Гэвч хуучин байрнуудын дулааны тоноглол мөн л хуучирч муудсан, сүүлийн үед шинээр баригдсан барилга байшингуудын тоноглол чанаргүй, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь хэрэглэгчдэд дулааны эрчим хүч найдвартай түгээхэд хүндрэл учруулж, гэмтэл саатал өнгөрсөн онтой харьцуулахад 50 гаруй хувиар өсчээ. Тиймээс Эрчим хүчний зохицуулах хорооноос "Дулаан орчин-Хэрэглэгчийн ая тух” сэдэвт хоёр сарын аяныг орон даяар эхлүүлж, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл”, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Шуурхай удирдлага, зохицуулалтын төв, "Диспетчерийн үндэсний төв” ХХК, "Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, "ОСНААУГ” ОНӨААТҮГ –тай хамтарсан үзлэг шалгалт хийж эхэлжээ.

1 ГКАЛ ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧИЙГ 16-39 ТОНН УСААР ХЭРЭГЛЭГЧДЭД ДАМЖУУЛДАГ

Дулааны эрчим хүчний шугам, тоног төхөөрөмжийг гадаадаас авдаг, хотжилт нэмэгдэж, хүрээгээ тэлэхийн хэрээр зам талбай ихээр барьж байгаатай холбоотойгоор нөхөн сэргээлт, шугамын зардал нэмэгдэж байгаа юм. Үүний зэрэгцээ усны төлбөр огцом нэмэгдсэн нь дулаан үйлдвэрлэгч, дамжуулагчдад бас нэг дарамт болж байна. Зундаа 1 ГКал дулааны эрчим хүчийг 39 тонн усаар дамжуулдаг бол өвлийн улиралд 16-20 тонн усаар дамжуулж хэрэглэгчдэд хүргэдэг. Гэтэл хэрэглээний халуун усны үнэ хэтэрхий бага байгаа юм. Жишээлбэл, гэр хорооллын иргэд нэг удаа халуун усанд орохдоо 3000 төгрөг төлдөг. Харин орон сууцанд амьдардаг нэг хүн бүтэн сар халуун ус хэрэглээд 1700-2500 төгрөгийн төлбөр төлж байгаа юм.

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ БОДИТ ӨРТГӨӨСӨӨ 1-4 ДАХИН ХЯМД ҮНЭЭР ХЭРЭГЛЭГЧДЭД ХҮРЧ БАЙНА

Эрчим хүчний салбарынхан эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Жавар тачигнасан ид хүйтэнд уурхайчид хөрс хуулан нүүрс малтаж, ДЦС-ууд 24 цагаар тасралтгүй ажиллаж, эрчим хүчний хангамж хэвийн байна. Харамсалтай нь эрчим хүч хэмээх гарт баригдаж нүдэнд үзэгддэггүй энэ бүтээгдэхүүний цаана хичнээн олон хүний хөдөлмөр шингэдэг гэдгийг бид төдийлөн мэддэггүй. Хамгийн гол нь эрчим хүчний үнэ тариф үйлдвэрлэж байгаа бодит өртөгтөө хүрдэггүй гэдгийг бидний уулзсан бүхий л хүмүүс онцолж байлаа. Эрчим хүчний тухай хуулийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнэ тарифыг тогтоож өгдөг. Тус хорооны тогтоосон үнэ тарифийг харахад Монголын эрчим хүч дэлхийн зах зээл дээрх эрчим хүчний үнэнээс хэд дахин хямд, тэр ч бүү хэл өөрийнхөө бодит өртөгт хүрэхгүй байгаа юм. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дулааны үнэ тарифыг томоохон хот, дүүргүүдээр харьцуулсан байна. Улаанбаатар хотод 30 422 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг 15 808 төгрөгөөр, Дарханд 42 496 төгрөгөөр үйлдвэрлэсэн дулааныг хэрэглэгчдэд 15909 төгрөгөөр, Эрдэнэтэд 33582 төгрөгийн дулааныг 15516 төгрөгөөр тус тус хэрэглэгчдэд борлуулж байна. Өөрөөрхэлбэл дулааны борлуулах үнэ тариф нь бодит үнээсээ 1-4 дахин хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна

 ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫГ ОРООЖ БАЙГАА ӨРИЙН СҮЛЖЭЭ

"Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК өнөөдрийн байдлаар 5.8 тэрбумын алдагдалтай ажиллаж байна. Тэгвэл тус компанид дулаан нийлүүлж байгаа гол нийлүүлэгч болох "ДЦС-4” ТӨХК-ийн өр төлбөр сүүлийн хоёр сарын дотор 6 тэрбум төгрөг болжээ. Харин цахилгаан станцуудад нүүрс бэлдэж өгч байгаа гол уурхайнууд болох Шивээ-Овоо ХХК-ийн хуримтлагдсан өр төлбөр 120 орчим тэрбум төгрөгт хүрсэн, Багануурын уурхай ч бас санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байгааг нуухгүй байна. Эрчим хүчний салбарт асуудал дагуулаад байгаа гол зүйл бол өртөг, зардал. Тэд өндөр үнэтэй бүтээгдэхүүнээ хэтэрхий хямд үнээр хэрэглэгчдэд борлуулж, өөрсдийнхөө нуруун дээр ачаалал үүрч байгаагаа нуусангүй. Нийт бүтээгдэхүүнийхээ 95-97 хувийг дулааны цахилгаан станциудад нийлүүлж байгаа Багануурын нүүрсний уурхай 1 тонн нүүрсийг 33 000 төгрөгөөр үйлдвэрлээд 29500 төгрөгөөр станциудад нийлүүлдэг. Тонн нүүрс тутмаас 3500 төгрөгийн алдагдал хүлээдэг аж. Харин Шивээ-Овоогийн нүүрсний уурхай дулааны станцуудад 27060 төгрөгөөр нүүрсээ нийлүүлдэг. Гэвч уурхайгаас тонн нүүрс олборлох бодит өртөг нь 30000 төгрөг байгаа юм. Тус уурхай хоногт 8000 мянган тонн нүүрс олборлон Улаанбаатар руу ачуулдаг. Эндээс харахад хоногт 24 сая төгрөгийн алдагдал хүлээдэг гэсэн тооцоо гарч байна. Эдийн засгийн хүндрэлээс үүдэн тус уурхай 2.7 сая куб метрийн хөрс хуулалтын хоцрогдолтой явж байгааг гэнэ. Хэрвээ байдал энэ хэвээрээ үргэлжилбэл Шивээ-Овоогийн нүүрсний уурхай ирэх жилээс нүүрс олборлож чадахгүйд хүрнэ. Энэ хүндрэлээс гарахын тулд нүүрсний үнийг бодит өртөгт нь хүргэх шаардлагатай” хэмээн Технологийн бодлогын хэлтсийн дарга П.Цэндсүрэн ярьж байлаа.

Тэгвэл дулаан үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид ч хүнд байдалд байна. Монголын хамгийн том үйлдвэр болох "ДЦС-4” ТӨХК-ийн захирал Ү.Төмөрхуяг "Сүүлийн жилүүдэд татвар татаас, төмөр замын тээврийн өртөг нэмэгдэж, валютын ханш өссөн учраас бас л санхүүгийн хүндрэлтэй тулгарч байна. Дулааны станцуудын хувьд бүтээгдэхүүнээ нэмж үйлдвэрлэн санхүүгийн хямралаас гарах боломжгүй. Суурилагдсан бүхий л хүчин чадлаараа ажиллаж байгаа. Тиймээс үнэ тарифт жаахан ч гэсэн өөрчлөлт оруулж байж цахилгаан станцуудын хэвийн ажиллагааг хангах боломжтой” хэмээн ярьж байсан юм. Тэгвэл Монголын хамгийн отгон дулааны цахилгаан станц дээр ч нөхцөл байдал сайнгүй байна.

 Амгалан дулааны станц 2015 онд ашиглалтад орсон. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилагдсан шинэ станц. Тус станц өнөөдөр үйлдвэрийн суурилагдсан хүчин чадлынхаа ердөө л 35-45 хувийг ашиглаж байна. Эрчим хүчний яамнаас дулаан нийлүүлэх тодорхой хязгаарыг тогтоож өгдөг. Эрчим хүчний яамнаас тогтоож өгсөн лимитийн дагуу манай станц 2000 орчим айл өрх, 190 гаруй аж, ахуйн нэгжид  дулаан нийлүүлж байгаа юм.  "Манай станцын үйлдвэрлэж байгаа дулааны эрчим хүч нэгдүгээрт бусад станцынхаас харьцангуй өндөр өртөгтэй. Хоёрдугаарт дулаан холбох шугам сүлжээний асуудал хүндрэлтэй байгаа юм. Хэрвээ дулаанаа хүчин чадалдаа хүргэж ашиглаад эхлэх юм бол үнэ өртөг ч буурах боломж бүрдэнэ. Мөн үнэ тарифтай холбоотой асуудал бас бий. Станц ашиглалтад орсон цагаас хойш нэг удаа элэгдлийн зардлыг тооцож, тарифт тусгаж өгөөгүй. Элэгдэл тооцоод ирэхээр жилд 4.2 тэрбум орчим төгрөг зардалд суулгаж өгөх хэрэгтэй болдог. Гэтэл энэ элэгдлийн зардлыг тооцохгүйгээр тариф тогтоож өгч байгаа нь тариф бодит бус байна гэсэн үг. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар бид элэгдлээ байгуулаад, цаашид энэ зардлаа тоног төхөөрөмжөө шинэчлэх, засварлах ажилд зарцуулах ёстой" хэмээн Амгалангийн дулааны станцын Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Цэндээ ярьж байна.

 ХЯМД БАЙНА ГЭДЭГ САЙН БАЙНА ГЭСЭН ҮГ БИШ

Халаалтын төлбөр өндөр гэдэг ярианаас улбаалан Үндэсний статистикийн хорооноос гаргасан айл өрхийн зардлын бүтцийг авч үзсэн юм.

Дээрх судалгаанаас харахад нэг айлын халаалтын сарын дундаж төлбөр 25 300 орчим төгрөг. Энэ мөнгө тухайн айлын сарын зардлын ердөө л 2.4 хувийг эзэлж байна гэдэг судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл 4 ам бүлтэй 50 мкв орчим байртай нэг айл өдөртөө 843 төгрөгөөр гэрээ халааж байна гэсэн үг. Гэтэл гэр хороололд гал түлдэг айл өдөрт 1 шуудай мод, тал шуудай нүүрсийг 4000 орчим төгрөгөөр худалдан авч хэрэглэдэг гэсэн тооцоо гаргажээ. Мөн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийн өрхийн орлогод эзлэх хувийн жин 2005 онд халаалтын буюу өвлийн улиралд 14.9 хувь, халаалтын бус улиралд 8.8 хувийг эзэлж байжээ. Харин 2018 оны 3 дугаар улирлын байдлаар халаалтын буюу өвлийн улиралд 6.1 хувь, халаалтын бус улиралд 4.1 хувийг эзэлж байна гэдэг судалгаа байна. Эндээс үзэхэд өрхийн орлогод эзлэх эрчим хүчний тарифын өсөлт харагдахгүй байгаа юм. Үүний зэрэгцээ эрчим хүчний салбар эрчим хүчний салбар жилд 53,8 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг зөвхөн ахуйн хэрэглэгчдэд үзүүлж байгаа юм байна. Эрчим хүчний салбар хамгийн хямд өртгөөр, бодит зардалдаа хүрэхгүй бага үнээр хэрэглэгчдэд бүтээгдэхүүнээ нийлүүлж, өөрсдөө алдагдалтай ажиллаж байна. Харин энэ хямд үнэ эргээд эрчим хүчний салбарыг орооон өрийн сүлжээ үүсгэж, санхүүгийн хямралд өртсөн нүүрсний уурхай, дулааны станц, дулаан түгээх, хангах байгууллага тоног төхөөрөмжөө шинэчилж, засвар үйлчилгээгээ хийж чадахгүйд хүрч магадгүй хэмээн олон хүн болгоомжилж байна. Хямд байна гэдэг сайн байна, найдвартай байна гэсэн үг биш. Ялангуяа олон жил эрчим хүчнийхээ дутууг гадаадаас өндөр үнээр худалдан авч байгаа Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэглээг дотооддоо үйлдвэрлэж, өөрийнхөө хэрэгцээг өөрсдөө хангахын тулд хэрэглэгч бид эрчим хүчнийхээ үнэ цэнийг мэддэг, төлбөр мөнгийг цаг хугацаандаа төлдөг байх хэрэгтэй юм байна гэсэн бодол энэхүү сурвалжлагыг бэлтгэж явах явцад төрж байлаа.

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler