| |
Германы нисэх буудлуудад түгшүүр зарлажээ
Пүрэв гарагт Германы нисэх онгоцны "Штутгарт” буудал дээр сэжиг бүхий дөрвөн террорист этгээд байна гэсэн мэдээллийн улмаас тус улсын нисэх онгоцны томоохон буудлуудад түгшүүр зарлахад хүрсэн байна.
Цагдаагийн газрын ажилтнуудын мэдээлснээр, Хойд Рейн-Вестфалиа мужаас гаралтай аав, хүү хоёр болон нисэх буудлын зорчих хэсэг болон талбайнуудын зургийг авч харагдсан өөр хоёр этгээдийг эрэн сурвалжилж байгаа ажээ.
Франц-Германы хилийн ойролцоох Страсбург хотод террорист халдлага үйлдсэнээс хойш дөнгөж нэг долоо хоног гаруйн хугацаа өнгөрч байгаа билээ.
Штутгарт хотоос 150 гаруй километр зайд оршдог Страсбург хотод зул сарын баярын худалдааны үеэр Шериф Шекатт гэгч этгээдийн үйлдсэн халдлагын улмаас гурван хүн амь үрэгдэж, олон хүн шархадсан юм.
Телевизийн "ARD” сувгийн мэдээлснээр, Германы Аюулаас хамгаалах хүчний ажилтнууд нисэх буудлуудад хамгаалалтад гарсан бөгөөд хүмүүс олноор цугладаг 14 газарт хараа хяналтаа сайжруулан ажиллаж байгаа ажээ.
sosa.mn