| |
Видео
Шинэ мэдээ
Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлнэ
Монгол Улсын МХЕГ, АНУ-ын Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлж буй "Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт хийх, энэ чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчдад энэ сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн болон биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектууд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх, ашиглахыг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр зурсан "Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд уг төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Төслийн хүрээнд Монгол улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулж, цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтанд ашиглах гар багажнуудыг нийлүүлсэн. Мөн улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оролцож буй Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллагын нийт 350 гаруй албан хаагчдыг сургалтанд хамруулж мэдлэг, мэргэшлийг нь дээшлүүлжээ.
2016 оны 5 дугаар сард төв дохиоллын системийн програм хангамжийг суурилуулж Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт гэсэн 5 хилийн боомтын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг холбосноор, цөмийн болон бусад цацраг идэвхт материалын хилээр нэвтэрч буй мэдээллийг МХЕГ дээр давхар хянах боломжтой болсон. Бусад хилийн боомтуудыг холбохоор төлөвлөж байна.
2016 онд МХЕГ-аас АНУ-ын Эрчим хүчний яаманд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах талаар хүсэлт гаргасны дагуу АНУ-ын мэргэжилтнүүд суурь судалгааг хийж, 2018 онд экспорт, импортын байршлуудад буцалтгүй тусламжаар 20 ширхэг 5.26 тэрбум төгрөгийн цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулж, 456.4 сая төгрөгийн зөөврийн багаж хэрэгсэл хүлээн авсан. Одоогоор тус төхөөрөмжүүдэд тохируулга, баталгаажилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэж өгнө.
Манай улсын хилийн бүх боомтууд дээр цацраг идэвхт бодис, цөмийн материал илрүүлэх цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулан, тогтвортой ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн аливаа сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмтой тэмцэх нэгдсэн стратегийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.
sonin.mn