|
Видео

Шинэ мэдээ

Үнийн өсөлт иргэдэд хүнд цохилт болж, тэднийг “тамирдуулав”

 

Үнийн өсөлт иргэдэд хүнд цохилт болж, тэднийг “тамирдуулав”

 


Иргэдэд хүнд цохилт болж, тэднийг "тамирдуулдаг” ганц зүйл бол үнийн өсөлт. Тодруулбал, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон шатахууны үнэ,  валютын ханш улмаар цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх явдал юм. Гэтэл бид шинэ долоо хоногийг өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгддэг. Үүний шалтгаан нь, шатахуун болон ам.долларын үнэ ханшийн өсөлт юм. 
 

 

Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч 2630 төгрөгт хүрсэн нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх гол шалтгаан нөхцөл болов. Харин шатахуун импортлогчдын хувьд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ нэмэгдэж байгаагаас шалтгаалан жижиглэнгийн үнийг нэмэх нөхцөл үүсдэг гэдэг. Энэ бүхний эцэст иргэдийн түрийвч хоосорч, улмаар хоногийн хоолоо залгуулж чадахгүйд хүрч, эцэст нь ядуу айл өрхийн тоог нэмэгдүүлэх эрсдэл тулгарч байна. 

 


          Наймаачид үнэ өсгөхдөө гарамгай атлаа бууруулна гэж хэзээч байдаггүй

 

 

 


Наймаачид ханш өсгөхдөө гарамгай атлаа бууруулах талд санаачилгагүй гэж болно. Он гарснаас хойш хэсэг хугацаанд шатахууны үнийн өсөлт буурч, валютын ханш тогтворжсон ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дорвитой бууралгүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл шатахууны үнэ дахин нэмэгдэхэд  худалдаа үйлчилгээ эрхлэгчид  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг огцом нэмсэнд иргэд бухимдалтай байна. Иймд бид нийслэлийн зүүн болон хотын төвийн оршин суугчдын дийлэнх нь үйлчлүүлдэг Баянзүрх худалдааны төвд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг тодрууллаа. Тус төв урьдын адил хөл хөдөлгөөн ихтэй, үйлчлүүлэгч олонтой байлаа. Ялангуяа мах, ногоо, талх нарийн боов гэх мэт хүнсний бүтээгдэхүүн борлуулдаг лангуу цөөнгүй худалдан авагчтай байв. Хүнсний ногооны хувьд шинэ ургацын ногоо гарсан учир үнэ нь тогтворжсон төдийгүй өнгөрсөн хаврынхтай харьцуулахад харьцангуй хямд байгаа юм. Харин талх нарийн боовны тухайд өнгөрсөн наймдугаар сард 50-200 төгрөгөөр нэмсэн бол түүнээс хойш үнэд нь огт өөрчлөлт оруулаагүй байна. Тухайн үед үйлдвэрээсээ нэмэгдсэн үнэтэй ирсэн учраас худалдагчид мөн адил дээрх байдлаар нэмжээ. Энэ талаар нэгэн худалдагч "Иргэд биднийг дур мэдэн үнэ нэмсэн юм шиг ойлгодог. Үнэн хэрэгтээ үйлдвэрээс нэмэгдэж ирдэг учраас бид ашгаа тооцож нэг, хоёр зуухан төгрөгөөр нэмдэг юм. Түүнээс үйлдвэрийн үнийг огцом гурав, дөрвөн зуугаар нэмэх боломжгүй шүү дээ. Одоо бол өмнөх үнээрээ худалдаалж байна” гэлээ. 

 

 


        Ахуйн хэрэглээний бараа 1000-3000 төгрөгөөр нэмэгджээ

 

 

 


Ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тасаг, лангуу хөл хөдөлгөөн багатай, иргэд үнэ ханшийг нь тодруулсан байдалтай байв. Учир нь, хүнсний бүтээгдэхүүнээс илүүтэй ахуй хэрэглээний барааны үнэ огцом нэмэгдсэн байна. Тодруулбал, оо, сойз, ариун цэврийн цаас, живх, саван гэх мэт ахуйн хэрэглээний бараа худалдан борлуулагчид ханш тогтоодоггүй учир цаанаас ирсэн үнэн дээр зуун төгрөг ч нэмэхгүйгээр зардаг байна. Харин зарсан барааныхаа тодорхой хувийг авдаг талаар нэгэн худалдагч ярилаа. Тэрбээр "Үйлдвэрээс зарим нэр төрлийн барааны үнэ нэмэгдэж ирсэн учраас тухайн үнээр худалдаалж байна. Үнэ нэмэгдсэн болоод ч тэр үү ойрын өдрүүдэд иргэдийн худалдан авалт муу, бид орлого багатай байна.  Шатахууны үнэ өссөн учраас барааныхаа үнийг нэмсэн гэдэг тайлбарыг хамтран ажиллагч байгууллагаас өгсөн. Хэрэв ам.долларын ханш тогтворжиж, шатахуун үнэ буурвал бараа бүтээгдэхүүний үнэ эргээд буурах байх. Одоогоор ахуйн хэрэглээний бараа дунджаар 1000-2000 төгрөгөөр нэмэгдсэн байдалтай байна” гэв. Иймд бид зарим барааны үнийг тухайлан тодруулав. Тухайлбал, 26500 төгрөгөөр худалдаалж байсан 68 ширхэгтэй живхний үнийг 30000 төгрөг болгож 3500 төгрөгөөр нэмсэн бол арван ширхэгтэй "Өд” ариун цэврийн цаасыг 6600-аас 7500 болгон 900 төгрөгөөр нэмсэн байна.  Энэ мэтээр ахуйн хэрэглээний барааны үнэ нэмэгджээ. 

 

 

  Таксичид өдөр 1000 орой 1500 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг болов

 

 


Шатахууны үнэ болон ам.долларын ханшаас болж иргэд ийн үнийн өсөлтөд цохиулж байна. Уг нь Засгийн газраас энэ талд шаардлагатай арга хэмжээг аль хэдийнэ авч шатахууны үнийг 100 төгрөгөөр буруулсан ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хасагдсангүй. Харин ч эсрэгээр өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь иргэдийг туйлдуулж байна. Мөн бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгааг далимдуулан таксины жолоочид хүртэл км нэмж, өдөр1000 орой 1500 төгрөгөөр иргэдэд үйлчилдэг болов. Эл байдалд анхаарал хандуулж, хариуцлага тооцох субъект даанч манай улсад байхгүй нь харамсалтай. Тухайлбал, Нисэх-Төв номын сангийн хооронд 1000 төгрөгөөр явдаг суудлын автомашин шатахууны үнэ нэмэгдсэн гээд 1500 төгрөг болсон талаар нэгэн иргэн сошиалд байр сууриа илэрхийлжээ. Ямар нэгэн албан байгууллагад харьяалагддаггүй, хувиараа такси үйлчилгээ үзүүлдэг буюу "халтуурчид” дур мэдэн үнээ тогтоож амжсан нь энэ юм.  Харин албан ёсоор такси үйлчилгээ эрхлэгчид одоогоор тарифаа өөрчлөөгүй байна.  2015 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 17 аж ахуйн нэгжийн 564 такси иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэсэн судалгаа бий. Тэд км-ынхаа үнийг одоогоор нэмээгүй ч цаашид нэмэхгүй гэсэн баталгаа байхгүй.  Иргэд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм

 

 


 Дотоодын бараа бүтээгдэхүүн хямдхан байх ёстой

 

 


Г.Лхамсүрэн: -Сүүлийн үед ялангуяа өчигдөр /энэ сарын 8/ бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдсэн байна. Жишээлбэл, би "багет” гээд талхыг мянга гаруй төгрөгөөр худалдан авдаг байсан бол сая авахад 2000 төгрөгийн үнэтэй болсон байна.  Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энгийн талхны үнэ ч гэсэн нэмэгдсэн байна билээ. Энэ мэтээр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа нь иргэдийн амьдрал, хоол хүнсэнд ихээхэн нөлөөлж байна. Гэхдээ монголчуудын амьдралын төвшинг гурав ангилж болохоор байна. Дээд төвшнийхөнд бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдэх нь огт хамаагүй. Доод буюу нэн ядуу хэсгийнхэнд мөн адил амьдралд нь нөлөөлөхгүй. Харин дундаж давхарга буюу цалингаас өөр орлогогүй иргэдийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх нь амьдралд мэдэгдэхүйц нөлөөлдөг. Ийм үед дотоодын бараа бүтээгдэхүүн хямдхан байх ёстой. Гэтэл гаднын экспортын бараа бүтээгдэхүүнээс хэд дахин илүү үнэтэй байдаг. Уг нь түүнээс хямдхан байх боломжтой гэж үздэг. Ер нь шатахууны үнэ нэмэгдэхээр бараа бүтээгдэхүүний үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Гэхдээ  хэсэг хугацааны дараа шатахууны үнэ эргээд буурахад түүнийг дагаад бараа бүтээгдэхүүний үнэ буурдаг л байх ёстой. Тухайн үеийн нөхцөл байдлаасаа шалтгаалж бараа бүтээгдэхүүний үнэд өөрчлөлт орохыг үгүйсгэхгүй. 

 

 


      Үйлдвэрлэл хөгжөөгүй оронд шатахуун, ам.долларын үнийн өсөлт хүнд цохилд болдог

 

Ж.Ууганбаяр: -Манайх Баянзүрх захтай ойрхон байдаг учраас эндээс хүнс, ахуйн хэрэглээний зүйлийг авдаг. Бид орон нутагт ажилладаг болохоор бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдснийг сая л мэдлээ. Өмнө нь би 30-40 мянган төгрөгөөр долоо хоногийнхоо хүнсээ хангалттай бэлтгэчихдэг байсан. Харин энэ удаад 40-50 мянган төгрөгөөр авч байна. Ерөнхийдөө өндөг, талх боов, гурил, будаа, төмс ногоо гэх мэт өмнө нь авдаг байсан бүтээгдэхүүнээ авлаа. Жишээлбэл, ногоон сонгино хоёр, гурван ширхэгийг граммлуулахад 2500 төгрөг болж байна. Ийм байдлаар нэмэгдэж байгаа нь шатахууны үнэтэй холбоотой гэдэг. Шатахууны үнэ нь ам.долларын ханшаас шалтгаалж дэлхий нийтэд шатахууны үнэ мөн адил нэмэгдсэн гэдэг тайлбар хэлдэг. Үнэн хэрэгтээ дотоодын үйлдвэрлэл хөгжсөн улс орны хувьд шатахуун болон ам.долларын ханш нэмэгдэхэд иргэдийн амьдралд цохилт багатай байдаг. Гэтэл манай улсын хувьд дотоодын үйлдвэрлэл хөгжөөгүй, залуучууд нь ажилгүй, дийлэнх нь импортын бизнесээс ашиг харж байна. Ийм тохиолдолд шатахуун, ам.долларын үнэ ханш хэчнээн бага хувиар нэмэгдсэн ч манай улс, иргэдийн амьдралд хүнд цохилт болж байгаа юм. 

 


      Хүнсний бүх бараан дотроос өсч, буурч үнийн хувьд уян хатан байдаг нь мах
 

 

 

    Д.Цэеэрэгзэн: - Хүнсний хувьд гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн байна. Кг-ийн боорцог дөрвөн мянга хол давсан үнэтэй болсон байна. Монголчууд бид махан хоол түлхүү хэрэглэдэг, мах элбэгтэй учраас турж үхэхгүйхэн шиг болоод л байна. Гэхдээ хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хаанаас худалдаж авч байгаагаас шалтгаалж харилцан адилгүй үнэтэй байдаг. Жишээлбэл, томоохон зах, худалдааны төвийн хувьд харьцангуй боломжийн, хүнсний дэлгүүрт арай үнэтэй байх жишээтэй. Гадна талбайд гар дээрээс борлуулж буй тохиолдолд хямдхан байдаг. Сүүлийн үед Цагаан сар, улсын баяр наадам, шинэ жил гэх мэт томоохон баяр ёслолын үеэр шатахуун болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг жишигтэй шүү дээ. Тэгээд эргээд үнэ ханшийг нь буулгадаггүй. Ийм л сонин тогтолцоотой, нэгнээ боддоггүй нийгэмд бид амьдарч байна.  Хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүн нь хэдэн төгрөгөөр нэмэгдсэн байсан ч хүн яаж ийж байгаад л худалдан авдаг.  Үнэ нь нэмэгдсэн байна гээд огт худалдан авалт хийхгүй байдаггүй болохоор хүмүүсийн эрэлт хэрэгцээнд тулгуурлсан үнийн хөөрөгдөл явахыг үгүйсгэхгүй. Хүнсний бүх бараан дотроос өсч, буурч үнийн хувьд уян хатан байдаг нь мах. 
                                                                                                                                               

 

     Б.Зулсар


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler