| |
Видео
Шинэ мэдээ
Трамп Украины талаарх тайлан мэдээтэй танилцсаныхаа дараа Путинтэй уулзах эсэхээ шийднэ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин болон Хар тэнгист болсон үйл явдлын талаарх бүрэн тайлан мэдээг хүлээж авсныхаа дараа ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй Аргентинд болох "Их 20"-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах эсэхээ шийднэ. Энэ тухай Америкийн удирдагч "New York Post” сонины сэтгүүлчид ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Түүний ярилцлагыг лхагва гарагт нийтэлсэн байна.
Дональд Трамп Их 20-ийн уулзалтын үеэр Путинтэй хоёр талын уулзалт хийнэ хэмээн найдаж байгааг АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан туслах Жон Болтон болон Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс мягмар гарагт нотолсон билээ. Гэвч үүнээс хэдэн цагийн дараа Трамп Керчийн хоолой дахь нөхцөл байдлын улмаас Путинтэй уулзахаас татгалзаж магадгүйг үгүйсгээгүй юм.
"Юу болсныг бид харна, олж мэднэ. Энэ үйл явдал надад таалагдахгүй байгаа, чухам юу болсон талаарх тайлан мэдээг бидэнд танилцуулна” гэж Америкийн удирдагч мэдэгджээ.
"Их 20"-ийн бүлгийн уулзалт 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний хооронд Аргентин улсын нийслэл Буэнос-Айрес хотод болно. Трамп пүрэв гарагт Аргентинд хүрэлцэн очих төлөвтэй байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг