|
Видео

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах тогтоолын төслийг ирэх долоо хоногт өргөн барина

 

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг тараах тогтоолын төслийг ирэх долоо хоногт өргөн барина

 

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрсдөө тарах санал гаргахыг санал болгосон зөвшилцөх бичгийг 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.
Зөвшилцөх бичигт УИХ-ыг өөрсдөө тарах үндэслэлийг : " 2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа" гэж томьёолсон байв.
 
Уг бичигт Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр хариу өгсөн юм.
Хариу бичигт: "…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул Монгол Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно.
Иймд Монгол Улсын Их Хурлыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар Тантай санал нийлэхгүй байгаагаа үүгээр уламжилж байна" гэсэн байв.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уг саналаа дахин "зүтгүүлэх"-ээр болжээ.
Тодруулбал тэрээр ирэх долоо хоногт УИХ-ыг тараах тогтоолын төслийг албан ёсоор өргөн барих юм байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31 дүгээр зүйлд  Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох хувилбаруудыг :
 
" 31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
 
31.1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
 
 31.1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
 
31.1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.
 
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана. 
 
 31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ. 
 
31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна." гэж тодорхойлсон байдаг юм.
 
Э.Мягмар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.KINGNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler